Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-аас тус улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Яньжүн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж ажиллав.
Энэ үеэр чингэлэгтэй ачаа ачих-буулгах болон хилийн дундын бүсийн чингэлэг байрлуулах талбайн бүтээн байгуулалт, бэлтгэл хангагдсан байдал болон чингэлэг ачигч техник /калмар/-ийн туршилт гүйцэтгэж, Эрээн боомтоос 2 чингэлэг хүлээж авах туршилтыг хятадын талтай хамтран амжилттай зохион байгуулав.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирус илэрсний улмаас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөн зогссон бөгөөд хятадын талын хөл хорионы дэглэм суларсан даруй тус боомтыг нээх яриа хэлэлцээ явуулж, айлын талтай идэвхтэй хамтран ажилласан.
Эрээн хотын Ардын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг чингэлэгтэй тээврээр зохион байгуулах санал ирүүлсэн бөгөөд талууд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 20 хоног бэлтгэл хангаж, боомтыг нээж ажиллахаар тохиролцоод байсан. Гэтэл хятадын талын бэлтгэл дуусаагүй байгаа тул нээх хугацааг түр хойшлуулаад байв.
Дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүдэд ажиллаж үедээ хятадын талд тус боомтыг яаралтай нээх саналыг дахин уламжилж, тодорхой цаг хугацаа тохиролцох нэн тэргүүний шаардлагатай байгаа талаар онцолж, харилцаж ажилласны дүнд цар тахлын улмаас Эрээн хотод гацсан 150 гаруй ачаатай хүнд даацын авто машиныг татан авах ажлыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үе шаттай эхлүүлэхээр тохиролцож, хэрэгжүүлэхээр болоод байна. Эдгээр тээврийн хэрэгслийг татан авах ажлыг хятадын талтай хамтран хэрэгжүүлж дууссаны дараа чингэлэг тээврийн горимоор тээвэрлэлт эхлүүлэхээр хятадын талтай зарчмын тохиролцоод байна.