Тэсгэм хүйтэн өвлийн улирлыг даван туулдаг бидний хувьд өвөлдөө хар, хөх, саарал гэх мэт завсрын бараан өнгүүд сонгож өмсөх нь түгээмэл байдаг. Гэхдээ энэ жил нэгэн хэвийн хэв маягаа эвдэж, 2021 оны өвлийн тренд болж буй тод хурц өнгүүдээр хувцаслахыг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна.
1. Шар өнгөний цуглуулга
Гэрэлтсэн шар өнгө үргэлж л нөхөрсөг байдал, баяр баясал, өөдрөг сэтгэлийг илэрхийлж байдаг. Нарлаг дулаахан өдрүүдийг санагдуулах уг өнгө нь Burberry, Tory Burch, Loewe Simon Miller брэндүүдийн намар өвлийн загварын шоунууд дээр түгээмэл ажиглагдсан.
Хэрвээ тод шар өнгө таны сонголт биш бол улбар шар туяатай шаргал өнгийг туршаад үзээрэй. Энэ нь арай даруухан сонголт бөгөөд бусад хувцастай зохицуулахад илүү амар байх болно. Мөн бордуу арьстай хүнд гайхалтай зохидог. Энэ өнгийг Temperley London, Victoria Beckham нар загварууд дээрээ тод акцент бүхий принт маягаар ашиглажээ.
2. Ягаан өвөл
Тод ягаан өнгө гэхээр нэг л өвөлд зохихгүй юм шиг санагдаж байна уу? Тэгвэл өвлийн бүүдгэр өдрүүдэд хэвшмэл байдлыг эвдэж анхаарал татам “Fuchsia” цэцгийн ягаан өнгийг сонгоод үзээрэй. Олны танил загварын блоггер Olivia Palermo-с эхлээд спортын од Serena Williams хүртэл уг өнгөөр гангарч байна. Загварын томчууд болох Anna Sui, Tom Ford, Stella McCaurtney нарын загварын шоунаас уг өнгийг хэрхэн шинэ цуглуулгадаа шингээснийг харж болно.
Хэрвээ тод ягаан өнгө танд хэтэрхий хурц санагдвал илүү зөөлөн сарнайн ягаан өнгийг сонгож болох юм. Тайван, зөөлөн, романтик байдлыг илэрхийлэх уг өнгө нь танд хүүхдийн өлгий шиг л тухтай тайван мэдрэмжийг төрүүлэх болно.
3. Хараа булаам Улаан өнгө
Эрч хүчтэй, дүрэлзсэн, хараа булаам, ассан улаан өнгө бол өөртөө итгэлтэй хэн бүхний зоригтойгоор сонгодог өнгө юм. Босогч, бусдаас өөр байхаас эмээдэггүй Vivienne Westwood брэндийн сүүлийн коллекцид улаан өнгийг онцолж толгойноос хөл хүртэлх аксессуаруудаа уг өнгөөр ижилсүүлжээ.
Түүнчлэн өвлийн улиралд бага зэрэг бараан хувилбарыг нь сонгохыг хүсвэл ассан биш завсрын улаан өнгийг сонгож болох юм. Нью Йоркийн загварын шоун дээл Carolina Herrera, Tod’s, Jason Wu, Alice & Olivia зэрэг олон брэндүүд уг өнгийг онцолсон байсан.
4. Зугаатай зуныг санагдуулах ногоон өнгө
Урин хаврыг санагдуулам тод ногоон өнгө нь энэ өвлийн бас нэгэн онцлох тренд болоод байна. Энэ нь Ирландын домогт гардаг leprechauns-ийн өнгө бөгөөд түүнийг аз авчирдаг хэмээн домогт өгүүлдэг.
Харин Нью Йоркийн загварын 7 хоногийн өвлийн коллекциудаас Paco Rabanne-гийн үслэг ороолт, Anna Sui-гийн сайкеделик принт бүхий өмд зэргээс уг өнгийг харж болно.
Үүнээс гадна арай цайвар, байгалийн ногоон өнгө ч бас энэ өвлийн загварлаг сонголт байх нь. Зугаатай зуныг санагдуулах ногоон өнгө нь цэнхэр, цайвар саарал, цайвар шар зэрэг өнгүүдтэй гайхалтай зохицдог.
5. Цэнхэр өнгөний цуглуулга
Амар тайван байдлыг илэрхийлэх цэнхэр өнгөний ууслууд энэ өвлийн тренд болж байна.
Цаанаа л нэг элегант харагдах цайвар цэнхэр, завсрын бүдэг цэнхэр, цэлмэг тэнгэрийн цэнхэр өнгө, болон далайн гүн цэнхэр өнгөнүүдээс өөрт тохирохыг сонгоод үзээрэй. Нью Йорк болон Лондонгийн загварын шоунуудад түгээмэл ажиглагдсан трендүүдийн нэг бол яах аргагүй цэнхэр өнгийн тансаг загварууд байлаа.
6. Намрын тренд хүрэн бор өнгөний цуглуулга
Пантоне өнгөний институтээс шаргал бор өнгөний трендийг зарласнаас хойш уг өнгөний хэрэглээ Европд 6%, Америкт 5%-р нэмэгджээ. Дулаан бас загварлаг уг өнгийг Loewe, Jil Sander, The Row брэндүүдийн загварын шоунаас харж болно.
Харин дараагийн өнгө бол намрын улиралд хамгийн их тренд болдог виноны улаан хүрэн өнгө юм. Энгийн хирнээ сонгодог уг өнгийг Burberry брэнд шинэ коллекцидоо ашигласан нь тун элегант харагдаж байлаа.
Түүнчлэн сүүлийн үед загварынхны дунд бор өнгө нилээд тренд болоод байгаа учир байгалийн бор, хар бор зэрэг өнгөнүүдийг ч ихээр ашиглагдах болсон. Бор өнгө ер нь их энгийн даруухан хэрнээ өмссөн байхад загварын өндөр мэдрэмжтэй, дэгжин харагдуулдаг.