E-MONGOLIA системд төрийн үйлчилгээнүүд нэмэгдэж орж буй талаар өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал”-ыг бий болгон, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоох, эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй юм. Эрүүл мэндийн яамны харьяа болон 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын дараах үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д орууллаа.
Эмнэлэгт үзүүлэхэд 7 хоног, сарын дараа гэх цагийн хуваарийг өгөхөд эрүүл мэндийн аливаа эрсдэл үүсэх эсвэл эдгэрэх ч хугацаа өнгөрсөн байдгийг та бид мэднэ. Орон нутгаас хотод ирээд эмчид үзүүлэх оочероо хүлээхэд иргэн танд багагүй хэмжээний бэрхшээл үүсдэг. Иймээс төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликэйшнээр дамжуулан эмчид үзүүлэх цагаа урьдчилан төлөвлөх нь хамгийн эхний хэрэгцээ байлаа. Энэхүү үйлчилгээ нь таны цаг хугацааг хэмнэх ба улмаар эмнэлгийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, ил тод байдлыг сайжруулна. Тус үйлчилгээнд хамрагдахдаа Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд болон холбогдох журмыг мөрдөнө. Мөн эмнэлэг бүрийн үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлогтой байдаг учраас онлайнаар цаг захиалахаар нээгдсэн үйлчилгээ нь харилцан адилгүй юм. Хэрэв та өөрийн захиалсан цагт очиж амжихааргүй болсон бол тусламж үйлчилгээ шаардлагатай хэн нэгэнд боломж өгч захиалсан цагаа цуцалж хэвшихийг уриалж байна” хэмээв.
2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлгүүдийн лабораторийн төхөөрөмжүүдийг эмнэлзүйн цахим системтэй холбох ажлыг эрчимтэй хийсэн. Тус ажлын үр дүнд шинжилгээний хариуг шинжлэгдэхүүн тус бүрээр бодит цаг хугацаанд гаргах боломжийг бүрдүүлсэн юм. Шинжилгээ өгөөд, эргэн очиж хариугаа авдаг ч, хариугаа авахгүй үлдээх байдлаар шаардлагагүй шинжилгээ болгох, үр ашиггүй байдал үүсгэхээр л байна. Тэгвэл таны шинжилгээ бүрийн хариу нь бодит цаг хугацаанд E-Mongolia аппликэйшнээр харагддаг боллоо. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдалтай уялдуулан вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадалгаа, дархлаажсан тухай QR код бүхий сертификат, PCR шинжилгээний хариуг E-Mongolia аппликэйшнаар дамжуулан гаргасан. Өнөөдрийн байдлаар онлайн хэрэглээний нэгэн чухал хэсэг болсон байна. Тоон мэдээг дурдвал 4,4 сая вакцины гэрчилгээ, 663 мянга гариу магадалгаа, 700 мянга гариу QR батламжуудыг онлайнаар авчээ. Хилийн чанадыг зорьж буй иргэддээ зориулан “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ”-г гаргасан бөгөөд шинжилгээний хариу, КОВИД-19-өөр өвдөж эмчлэгдсэн тохиолдолд магадалгаа, дархлаажуулалтын мэдээллийг хамтатган “Гурвалсан үйлчилгээ” болгож хэрэглээнд гаргалаа. Тун удахгүй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас (ЛИСТ)-ийг онлайн үйлчилгээнд гаргана.
Түүнчлэн ялган таних алигритм дээр суурилсан хийсвэр дүрслэлийг бодит орчинд хамтад нь харуулдаг дэвшилтэт технологийн тусламжтай өргөн хэрэглээний эмийн хэрэглэх зааврыг танд хүргэхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. Монгол улсын хэмжээнд үүрэн утасны идэвхтэй хэрэглээний үзүүлэлт өнгөрсөн оны байдлаар 4.3 сая байгаа бөгөөд цаашид иргэн таны гар утсанд эмнэлгийн үйлчилгээг хүргэх нь улмаар тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэг төрлийн боломж юм. Энэхүү эцсийн хэрэглэгч бүрд хүрч болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, тасралтгүй хөгжүүлэлт, шинэчлэлийг хийн ажиллах болно. Эрүүл мэндийн салбарт мэдээлэл, технологийн хөгжил 1997 оноос анхны програм хангамж, компьютер суурилагдсанаар эхэлсэн бөгөөд 2005 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Цаасгүй эмнэлэг” төсөл, 2008 оноос нийслэлийн харьяа эмнэлгүүдэд “Цахим карт” хөтөлбөр, 2012 оноос аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд “Телемедициний үндэсний сүлжээ”-ний дэд бүтэц, 2013 оноос улсын хэмжээнд “Эрүүл мэндийн статистик мэдээллийн нэгдсэн цахим сан”, 2015 оноос “Цахим эрүүл мэнд” (I), 2016 оноос “Цахим эрүүл мэнд” (II) үе шаттай суурь төслүүд, 2019 оноос эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны цахим шилжилт, 2020 оноос дүрс архивлан хадгалах, дамжуулах төвлөрсөн системийг хийж, өнөөдрийг хүртэл тасралтгүй ашиглаж байна.