Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.
Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ.
Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна.
Эх сурвалж:АТГ