Хоршооллын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Хоршоолол, ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон стандарт боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Чүлтэмсүрэнгийн Алтангаяа;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Хоршооллын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хоршоодын эгнээг өргөжүүлэх, эдийн засгийн чадавхыг сайжруулах, хоршооны сургалтыг орон даяар удаа дараа амжилттай зохион байгуулж залуучуудыг сургаж дадлагажуулах зэргээр хөдөө аж ахуй, хоршооллын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны зөвлөх Дүлзэнгийн Батмөнхийг шагналаа.
Мөн хоршооллын салбарыг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамтын хөдөлмөрийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгмийн баялаг бүтээхэд бодитой хувь нэмэр оруулж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хоршоологчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэв.