Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл хийлээ.
-“Ковид-19” цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье. Өнгөрч буй онд хамгийн их ачаалалтай үе нь нийслэлийн хэмжээнд ес, аравдугаар сар байсан. Харин арваннэгдүгээр сараас өдөрт дунджаар 230 тохиолдол бүртгэгдэж, халдварын тархалт харьцангуй буурсан. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 200 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдварыг илрүүлэх тандалт шинжилгээг арванхоёрдугаар сард 27.716 хүнд хийсэн.
Дархлаажуулалтын хувьд дөрөв, тавдугаар сард хамгийн олон хүнийг хамруулсан бол арваннэг, арванхоёрдугаар сард мөн идэвхжиж, арваннэгдүгээр сард 124.635 хүн, арванхоёрдугаар сард 91.637 хүнийг дархлаажууллаа. Хамгийн идэвхтэй долоо хоногт 7374 хүнийг дархлаажуулалтад хамруулж байлаа хэмээн мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй бүх шатны эмнэлгийн байгууллагад ажиллаж буй цагаан нөмрөгт баатруудад баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүндрэлтэй нөхцөлд ачааны хүндийг үүрсэн эмнэлгийн ажилтан, ажиллагсдад талархал илэрхийлье” хэмээн тодотголоо.