Цахилгаан, дулаан бол хөгжил. Дулааны хангамжгүй газар хөгжил дэвшлийн талаар мянга яриад ч нэмэргүй. Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянга гаруй айл аж төрдөг. Эдгээр өрхөд тулгардаг олон асуудал шийдлээ хүлээсээр буйн нэг нь дулаан хангамжийн асуудал юм. Хананаасаа халуун усаа авч, хаяанаасаа дулаанаа хангуулах нь гэр хорооллынхны хүсэл. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь нүхэн жорлонтой, халуун усгүй, төвлөрсөн дулаангүй амьдарч байна. Гэр хороололд инженерийн шугам сүлжээ байхгүй учраас гал түлэхээс өөр аргагүй. Гал түлэхээр нүүрс хэрэглэнэ, утаа гарна. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсаар байгаа зүйл бол утаа. Харин гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбочихвол яндан алга болно. Яндангүй бол утаагүй. Тиймээс гэр хороололд дулааны станц, шугам сүлжээ хэрэгтэй. Түүнчлэн агаар, ус, хөрсний бохирдол, хүрээлэн буй орчны доройтол зэргээс үүдэн хүн амын олонхийн амьдралын бодит хэрэгцээг үндэслэн гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох зайлшгүй шаардлага тулгарчээ. Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан Дэд төвтэй байхаар төлөвлөсөн.
Тус зургаан дэд төвд, 28 мВт, 63 мВт, 80 мВт чадалтай гурван дулааны станц барина. Үүний нэг нь “Сэлбэ” дэд төвийн гурван зуух бүхий 28 мВт хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн дулааны станц. 2017 онд эхэлсэн энэ станцын ажил одоо дуусаж, бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болжээ. “Сэлбэ” дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн ажиллаж, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажилласан. Ийнхүү зураг төсөл бэлэн болж 2019 онд барилга угсралтын ажил эхэлжээ. Ийнхүү 2021 оны есдүгээр сард тус Дэд төвийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэйгээр туршилтаар ашиглалтад орж, Сэлбийн дэнжийн зарим аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж эхэлсэн бол өдгөө барилга угсралтын ажил бүрэн дуусжээ.