Сүүлийн үед Netflix-ийг байлдан дагуулж буй цувралуудын нэг бол яах аргагүй “Emily in Paris” билээ. Маркетингийн мэргэжилтэй 20 гаран насны залуухан Америк бүсгүй компанийнхаа Парис дахь салбарт 1 жил ажиллахаар томилогдон, Парисын амьдралын хэв маяг, хүмүүстэй хэрхэн зохицож буй болон түүнд тохиолдож буй хөгжилтэй адал явдлуудаар цувралын үйл явдал өрнөдөг. Түүнчлэн гол дүрүүдийн өнгөлөг, загварлаг, гайхалтай хувцаслалтууд үзэгчдийн харааг булаадаг билээ.
Загварлаг хувцаслалтаас гадна гол дүрийн бүсгүй Эмили хэл мэдэхгүй ч шинэ газар шинэ хүмүүстэй хэрхэн дасан зохицож, бусад хүмүүс түүнийг үл ойшоосон ч өөдрөг байдлаа гээлгүй өөрийн чадах бүхнээрээ Франц маркетингийн компанид шинэчлэлтийг авчирч буйг цувралаас харж болно. Тиймээс хувь хүний хөгжил болон карьерын хувьд түүнээс суралцах зүйлс нэлээдгүй бий.
1. Шинэ боломжийг нээлттэй хүлээж авах
Эмилигийн хувьд Чикаго дахь амьдралаа, найз залуу, найзууд, гэр бүлээ орхин Франц руу жилийн хугацаатай ажиллахаар явдаг. Парист ямар ч танил, найз нөхөд, гэр бүл байхгүйн дээр Франц хэл мэдэхгүй түүний хувьд энэ нь үнэхээр зоригтой, аймар ч юм шиг, том шийдвэр байсан. Харин таны хувьд хамгийн сүүлд хэзээ ажил амьдралыг тань өөрчлөх шинэ боломжууд гарч ирж, түүнд нь тийм гэж хэлсэн бэ?
Хэрэв таныг илүү сорих, хүчин зүтгэл шаардах ямар нэгэн ажлын санал гарч ирсэн бол үгүй гэж хэлэхээсээ өмнө ахин нэг бодож үзээрэй. Юуны түрүүнд тухайн шинэ ажил таны ур чадвар болон ааш занд тохирох ажил мөн үү гэдгийг нягтлах, мөн хэтийн зорилгодоо хүрэхэд тань түлхэц болох эсэхийг бодолцож ментортойгоо ярилцан шийдвэр гаргаарай.
2. Мэргэжилтэн гэдгээ батлах
Эмили бол сошиал медиагаар мэргэшсэн маркетингийн мэргэжилтэн бүсгүй. Тэрээр өмнө нь хийж байсан үр дүнтэй маркетингийн ажлуудаа дурдахаас гадна Парист ирсэн даруйдаа өөрийн сошиал медиагаа хөгжүүлж дагагчдаа нэмсэн нь түүнд олон шинэ боломжуудыг гаргаж ирсэн билээ. Тэгвэл өөрийгөө мэргэжилтэн гэдгийг хэрхэн батлах вэ?
LinkedIn дээр өөрийн мэргэшсэн зүйлийн талаар нийтлэл бичих, блог хөтлөх эсвэл подкастуудад зочноор орсноор хүмүүс таны талаар болон мэргэшсэн салбарын тань талаар мэдлэгтэй болох болно. Өөрийн хийж байсан хамгийн амжилттай төслүүдийг цуглуулж салбарынхаа конференцид тайлагнах гэх мэт өөрийн мэддэг чаддаг зүйлээрээ хүмүүст танигдах боломжтой байдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу