Л.Дашням: Үндсэн хуулийг их мэдэлтнүүд халтартуулж орхисон

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан АИХ-ын орлогч дарга асан, профессор Лувсандамбын Дашнямтай ярилцлаа. Түүнтэй Үндсэн хуулийг батлах үеийн нөхцөл байдал, хуулийн өөрчлөлттэй холбоотой үзэл бодол, сонгодог парламентын засаглалыг хэрхэн тогтоох талаар ярилцсан юм.

-Та ардчилсан шинэ Үндсэн хуулийг, тогтоогчдын нэг. Нийгэм солигдож, ороо бусгаа байсан цаг. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үеийн нийгмийн байгуулалт, нөхцөл байдал ямархуу байсан бэ. Төлөвлөснөөсөө олон хоног хуралдаж баталсан гэдэг шүү дээ?

-Тэр үед Монголын ард түмэн “Нийгэмд ардчилсан өөрчлөлт хийх нь зайлшгүй юм байна. Энэ шинэ замналынхаа эрх зүйн үндсийг хурдхан бий болгож, чухам ямар нийгэм байгуулахаар зориод байгаагаа тодорхой болгомоор байна” гэдгийг ярьж, шаардаж байсан юм. Ер нь ч шинэ Үндсэн хууль тогтоон баталснаар Монголын ардчилал бодитой болох байсан л даа. Түүнийг ч ард түмэн ойлгож байсан. Хуулиа боловсруулах, хэлэлцүүлэх, нягтлахад багагүй цаг зарцуулсан. Ард түмнийхээ саналыг тусгах их ажил өрнүүлж, улс орон даяар хэлэлцүүлсэн анхны л хууль шүү дээ. Хуулиа яг тогтоон батлах үед ярьж хэлэлцэх зүйл ч нэлээд байсан.

Хэлэлцүүлгийг их ардчилалтай, урьд өмнө байгаагүйгээр явуулсан юм. Тийм учраас төлөвлөснөөсөө их цаг хугацаа зарцуулсан. Санал зөрөх зүйл ч бишгүй байлаа. Үндсэн хуулиа хэлэлцэж, баталсан тэр үйл явцыг тодотгон хэлбэл, ардчилалд бүх нийтээрээ суралцсан анхны л сургуулилт байлаа шүү дээ.

-Үндсэн хууль баталсан процесс хэрхэн үргэлжилсэн бол. Олон ургалч, ардчилсан үзлийн талаар ярьж эхэлж байсан үе шүү дээ. Депутатуудаа ямар шалгуураар сонгож байсан бэ?

-Хуулийг хэлцэх, тогтоож, батлах гэдэг хэн үйл явцад оролцож байгаагаас ихээхэн хамаардаг ажил. Тэр үеийн хуулиараа 420 депутат сонгогдох ёстой байсан. Гэвч Үндсэн хууль батлахад яг ч 420 депутат оролцоогүй шүү дээ. Хэд хэдэн шалтгаан байлаа. Зарим нь сонгогдож чадаагүй. Заримыг нь эргүүлж татсан. Зарим нь хэлэлцэх үед нас барсан юм. Одоо бол хэдэн хүн оролцсон, яаж ажилласан тухай мэдээ их тод болсон. Үндсэн хуулийн бүх хэлэлцүүлгийн бичлэг ном болчихсон байгаа.

Тэр удаагийн сонгууль харин одоогийн үеэс илүү ардчилалтай болсон гэж хэлж болно оо. Хүнээ таньсан эсэх нь бол өөр асуудал. Тэр нь ямар ч цагт сонгогчдын хэрэг байдаг шүү дээ. Гол нь нэр дэвшүүлэх нь их ардчилалтай байсан гэж үзэж болно. Намууд, байгууллага, хамт олон, хувь хүн хүртэл өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлэх эрхтэй байсан. Жишээ нь, би намаас дэвших боломжтой атал түүнийгээ мэдэхгүй, хөршийн маань хүний нэр дэвшүүлснээр л сонгуульд оролцож байлаа шүү дээ. Сонгууль хоёр шаттай болсон. Тойргуудад 15-30 хүн нэр дэвшсэн тохиолдол их байсан шүү. Депутат олон, үзэл бодол адилгүй, мэдлэг мэргэжил өөр өөр хүмүүс байсан ч Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг маш ардчилалтай явуулдаг байсан.

Зарим газар хэт ардчилалтай байсан байж ч магадгүй. Депутат хүн саналаа чөлөөтэй хэлэх, хүсвэл заавал санал хураалгах эрхтэй байсан гээд л бод доо. Тиймээс ч хурлын явц заримдаа утга багатай, сунжирдаг ч үе байлаа.

-Тухайн үед депутатууд ямар байр суурь илэрхийлж байсан бол. Шинэчлэлийг эсэргүүцэх хүмүүс байв уу?

-Эхний үед ардчиллын талын төлөөллийг жаахан хардамхай, хянамгай нүдээр харсан. Ямар нэг байдлаар итгэж ядсан байх шүү. Ардчиллын талын төлөөлөл ердөө хорин хэдхэн хүн л байсан даа. Хардаад байх ч юм байхгүй. Итгэхгүй байна гэдэг ер нь бол ихэнхдээ ажлын чөдөр болдог доо, тийм ээ. Тэр үеийн депутатууд дор дороо нэг бодолтой, хүн болгон л ардчилагч байлаа шүү дээ. Ер нь бол “өөрийн санаа” гэдэг зүйл хүчтэй байлаа. Эрхээ эдэлж буй нь ч тэр юм даа. Нэр томьёоноос эхлээд л маргачихна. Энэ ажлыг заавал дуусгах ёстой гэх чин бодол л ажлыг урагшлуулж байсан байх даа. Тухайн үе нь ч тэгж бодоход хүргэсэн биз. Шинэчлэлийг эсэргүүцнэ гэхээсээ илүү шинэ нийгмийн тогтолцоо, зорилтыг зөв ойлгох эрмэлзэл, ойлголтыг тодорхой болгох гэсэн чин санаа нь заримдаа ихээхэн талцалд хүргэдэг байсан мэт бодогдож байна.

-Ямар саналуудад хамгийн их талцаж байсан бэ?

-Тодорхой асуудлуудад санал зөрнө л дөө. Тухайлбал, Үндсэн хуулийнхаа нэрийг сонгохоор хэчнээн ч их маргасан билээ. Их цааз, Их засаг, Үндсэн хууль гэдэг нэрнүүд дунд л үзэлцээд байсан хэрэг юм. Ерөнхийдөө юмыг өөрчлөх шинэчлэх хүсэлгүй, хуучнаар, байснаар нь байлгах хүсэлтэй хүмүүс өчнөөн байсан байх. Эсэргүүцэгчид л юм даа. Их маргахаараа бие биендээ чанга, сул элдэв үг хэлнэ. Зодолдож байсан удаа ч бий.

-Төрийн сүлдийг морь эсвэл шувуу бүхий агуулгатай байлгах дээр ихээхэн маргалдаж байсан гэсэн. Та алийг нь дэмжиж байв?

-Уг нь зөвхөн морь, шувууны ч асуудал биш юм. Төрийн сүлд бол том утга агуулга шингээдэг шүү дээ. Хэлэлцүүлэхээр оруулж ирсэн анхны төсөл, санал нь цагаан шонхор шувуу байсан. Ерөнхийдөө бол “Шинэ цаг үе ирлээ. Монголчууд түүх, соёл, эх орон, газар нутаг, амьдралдаа эзэн байя” гэсэн санаа байсан л даа. Магадгүй “Эзэн шиг эзэн байя. Тийм цаг үе бидэнд байсан шүү” гэсэн үгийг ч шингээсэн байж болно. Гэтэл тэр санаа өөр санаатай мөргөлдөж, хэрдээ их ажил удсан даа. Явж явж морь ч биш, шувуу ч биш болж таарсан даа.

Би бол сүлдний тухай хэлэлцүүлгэд хамгийн идэвхтэй оролцсон депутатын нэг. Ер нь Л.Түдэв гуай бид хоёр л хамгийн олон боссон байх шүү. Тэгээд дийлээгүй дээ. Сүлдээ нарийндаа сайжруулж, өөрчилж чадаагүй. Тийм болохоор одоо ч шүүмжлэгдсээр байгаа.

-Ардчилсан Үндсэн хуулиа баталсан монголчууд 30 жилтэйгээ золгож байна. Алдаа, оноог нь дүгнээч гэвэл ямар дүгнэлт гарах бол?

-Нэг үгээр, шуудхан хэлэхэд тогтоон баталсан, шинэ Үндсэн хуулиа хэрэгжүүлж чадаагүй л дээ. Хуулиасаа болсон юм биш. Хуурамчаар сонгогдсон, түүхий түшээдээс л болсон гэж тас түс хэлчихсэн ч болно. Ард түмэн сэтгэл гарган сонгосон түшээ одоо бараг байхгүй юм хойно, арга ч үгүй шүү дээ. Төр, нийгэм, улс орноо боддог түшээ харамсалтай нь цөөхөн байна. Энэ бол ганцхан өдрийн ажил, дүр төрх биш. Үндсэн хуулийн гол сүнс нь төрийн эрхийг ард түмний гарт өгсөнд байсан юм. Одоо тэр эрх эргээд намууд, тодорхой бүлгийн гарт орсон. Түүнийг ойлгоод одоо засах гээд л ноцолдоод байх шиг байна. Даанч хол явчихаж дээ. Гэлээ ч цаашдаа засаж залруулж чадна гэдэгт би итгэдэг шүү.

-Сүүлийн хэдэн жил зарим улс төрчид тэр дундаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тойрон хүрээлж байсан хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь судалгаа хийгээд үзэхэд Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг л хүсдэг шүү дээ. Бүр Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед ч тийм л байсан. Тэр нь уламжлалтай ч холбоотой биз. Нөгөө талаар, саналыг нь “дээрэмдээд” байгаа олон нөхөд олигтой засаглаж чадахгүй болохоор ядаж ганц хүнээ зөв олох юмсан гэж боддог юм байлгүй. Тэгээд ч хариуцлага хүлээдэггүй, хоорондоо эв түнжингүй, сандал суудал булаацалдсан хүмүүсээс хашраад байгаа байж магадгүй.

Дорнын уламжлалтай орныхон тодорхой нэг удирдагчтай засаглалд дуртай. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн үеийн тэр тухайд яригдсан асуудал бол өөр байх аа. Өөрснөө Их хурлаа сул суйдан, төрөө чадваргүй болгочихоод, нийгмийн уур амьсгалыг зохиомлоор бүрдүүлж, хувийн эрх ашгаа “холын углуургатай” тооцон, “суудлаа сунгах” сонирхол мэр сэр цухалзаад л байсан байх шүү.

-Сонгодог парламентын засаглалыг хэрхэн тогтоох ёстой вэ. Өнөөдөр парламент, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч эрх мэдлээ булаацалдсан иймэрхүү л дүр зураг үргэлжилж байна шүү дээ?

-Нэгдүгээрт, сонгуулиа ардчилсан, шударга, төрийн төлөө болгох хэрэгтэй. Энэ нь ард түмэнд бодитоор засгийн эрхийг өгнө гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ, Засгийн газар өөр өөрсдийн ажлаа хийдэг болох хэрэгтэй. Засгийн газарт л мөнгө байдаг болохоор тийшээ бүгдийнх нь “шүлс гоождог” байж болохгүй л дээ. Манайд ер нь ажлын үүрэг, хуваарь, хариуцлага гэх зүйл байхгүй болоод удаж байгаа. Үнэнээ хэлэхэд Их хурлын гишүүд баахан гоё үг, хуурай амлалт л ярьдаг, рекламаар амьдардаг хүмүүс.

Ачиртаа бол Засгийн газрын ажлыг л өөрөө хийх гэж байгаа юм шиг ярьдаг улс шүү дээ. Би ийм хууль боловсруулж, түүнийг сайжруулж, улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэх бодлого боловсруулж, ийм зүйлсийг хэрэгжүүлнэ, түүнд тэгж оролцоно гэх мэтээр ярьж яваа нэр дэвшигчтэй та таарч байсан уу. Тийм болохоор л нэг худаг, нэг алгын чинээ замыг төрийн түшээ, Засгийн газар, аймаг, сум, багийн удирдлагууд гээд үй олон хүн барьж байгуулсан юм шиг болдог.

Гэтэл жир ажилчин хажууд нь “Дэмий донгосож байгаа юм. Тэд үүнийг хийхэд атга шороо ч хөдөлгөөгүй” гээд сууж байдаг биз. Ер нь сонгогдож байвал юу ч ярьсан хамаагүй болдог, сонгогчоо “согтууруулдаг” л түшээд яваад байдаг нь одоо болтол үргэлжилсээр л байгаа. Ард түмэн ямар сонгууль болчихов оо гээд гайхаад л үлддэг. Энэ байдлыг халах хэрэгтэй.

Гуравдугаарт, түшээд хууль тогтоох ажилдаа эзэн болсон цагт төрийн ажил цэгцэрч, улс орон эзэнтэй болно. Одоо бол тэд үндсэн ажлаа муу хийж байгаа. Хууль тогтооно гэдэг тийм хөнгөн нимгэн, хэн хүний ч хийгээд байдаг ажил биш! Хууль гэдэг бодлого. Гэтэл түүнийг хэдэн туслах нааш цааш гүйх төдий юм бодоод байх шиг байна. Хууль тогтоогчид нийгэмд хуулийн бодлого, хэрэгжилтээр бараг л ажил хийдэггүй. Их хурлынхан гүйцэтгэх засаглалын ажил ярьж давхилдана уу гэхээс ер нь хууль тогтоогчийн нийгмийн гарц, ард түмний бодол үзэл, санал хүсэлтийг авах, хэлэлцүүлэх юм огт байдаггүй биз дээ. Тиймээс хуулийн хийдэл, давхардал, чанарын сул тал байсаар л байна. Ямар ч ажил хийхгүй өндөр цалин авдаг хүн олон байгаа. Энэ бол түшээдийн нүүр царай, ажил үйлийнх нь түвшин. Одоо сайн засаглал тогтоохын тулд сайн түшээдтэй, төрийн ажлын бүх салаа мөчир жинхэнэ байр байрандаа очих хэрэгтэй. Ард түмэн өөрийнхөө төрийг хүний юм шиг үздэг, тэгж ярьдаг байж болохгүй. Муу төр л муу менежер болохоос сайн төр бол сайн менежер. Ард түмэн өөрсдийн дундаас шилж сонгосон, найдлага, найдвар, итгэлээ хүлээлгэсэн хэсэг шүү дээ. Бидний л нэг хэсэг байхгүй юу. Хүний эрхтэн суулгачихсан юм шиг байж болохгүй биз дээ.

-Та ч анзаарч харсан байх. Алдаа болгоныг, магадгүй өөрсдийн буруу гэж үзсэн бүхнээ Үндсэн хууль руу чихэж байна. Тэр тусмаа улс төрийн нам, эрх баригчид түлхүү ийм авир гаргадаг. Үндсэн хууль нь өөрөө алдаатай байна уу, эрх баригчдад алдаа нь байна уу?

-Ганцхан үгээр хэлье. Хуулийг хүмүүс л тогтоодог. Хууль муу байгаа бол тогтоогчид муу байна гэсэн үг. Хууль нь биш хүн нь муу байна. Ардчилсан Үндсэн хууль бол муугүй боловсорсон хууль. Харамсалтай нь, их мэдэлтнүүд “өөрсдийнхөө арьсанд ойртуулж” засварласаар халтартуулж орхисон. Яг л өөрсөдтэйгээ адилхан царай зүстэй болгосон.

Шинэ Үндсэн хуулиас хойш 2000 онд дордуулсан долоон өөрчлөлт гэж орж байсан. Үүнийг үнэхээр дордуулсан гэж боддог уу?

-Амьдрал харуулаад засаж залруулаа биз дээ. Тэр өөрчлөлтийн гол санаа нь давхар дээлийн л асуудал байсан. Одоо ч тэр асуудал өндөлзсөөр л байгаа. Бид Их хурлын суудлаар “араа бэхэлчихээд” мөнгө хөөцөлдөх сонирхолтой хүмүүсийг 30 жил үржүүллээ шүү дээ.

-Хоёр ч парламент дамжин ярьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг Их хурал 2019 онд 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулахаар баталсан. Хөрсөн дээр хэр буухаар өөрчлөлтүүд байсан бэ?

-Одоо дахиад л өөрчилье гээд байгаа нь нэг юм хэлээд байгаа биз. Үндсэн хууль ингэж хэд хоноод л тонгочуулж байдаг “Гар хурууны үзүүрийн” хууль биш ээ. Түүнийг л ойлгож, ухаарах хэрэгтэй.

-Ардчилсан Үндсэн хуульд 30 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаад хэд хэдэн зүйл заалтын өөрчлөлтүүд орсон. Үндсэн хуулийг сайжруулъя гэх хандлагыг эрх баригч гэлтгүй, ард иргэд ч гаргасаар байгаа. Таны бодлоор сайжруулахын тулд ямар ажил хийж, юуг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй гэж бодож байна вэ. Эсвэл сайн хуулийг үе үеийн эрх баригчид улам дордуулаад байна уу?

-Амьдралд өөрчлөгддөггүй юм гэж тун цөөхөн. Үндсэн хууль ч нэмэлт, сайжруулах зүйлийг шаардана. Гагцхүү юунаас болж гажуудаж, зогсож, саатаад байна гэдгийг ултай зөв оношлох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хийсэн өөрчлөлтүүдээр засаг, төрөө сайн сайхан болгож чадаагүй. Өөрчилье гээд байгаа нь чадаагүй гэдгээ л хэлээд байгаа хэрэг. Одоо бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр онцгой анхаарч, олон талын, ялангуяа шинжлэх ухааны оролцоотой том ажил зохион байгуулах хэрэгтэй. Ийм нэртэй ажил хийсээр ирсэн боловч дандаа улстөржүүлдэг, хэсэг бүлгийн бодол үзэлд тулгуурладаг болохоор бодит үр дүн гардаггүй. Чадварлаг, тусгай ажлын хэсэг гаргаж, хийх ёстой өөрчлөлтийнхөө учир утгыг нийгэмд гүн гүнзгий ойлгуулж, санал бодлыг нь тусгаж, нарийн нягт боловсруулах хэрэгтэй. Хэдэн нөхөд юм уу, нам нэрээр улстөржүүлж, хөөсрүүлэх ямар ч хэрэг байхгүй.

-Та Үндсэн хуультай холбоотой анхны үзэл санаанаасаа ухарч байв уу?

-Би үзэл болгож, өөртөө шингээсэн зүйлээсээ нэг их ухраад байдаггүй. Харин ойлголтоо, ажлын хандлага, арга барилаа аль болохоор амьдралтай байлгахыг хичээдэг. Хөгжих бодол бол хэн хүнд маш чухал! Жишээлбэл, би 90-ээд онд олон нам байх тусмаа сайн, нийгэмд тустай, “Бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж бодон, баахан ухуулдаг байсан л даа. Өөрийн хөрсөн дээрээ арай амьдралтай буугаад харвал манайх шиг нийгэмд тэр асуудлыг тун нарийн бодох учиртай юм байна. Өөрийгөө улстөрчид, намчид гэгдэгчдийг зөв төсөөлөх хэрэгтэй юм байна. Монгол хүний зан авир, үзлийн өөрчлөлт, уламжлал шинэчлэлийг хөрсөн дээр нь буулган тунгаах хэрэгтэй юм байна. Үг, санаа, бодол бүхэн бодит хөрстэй, уугал амьдралаасаа ургах ёстой юм байна л даа. Ухрах буцах тэр бүхэнтэй л холбоотой байдаг болов уу.

-Ардчилсан Үндсэн хуулиа 1992 онд тогтоосны дараа хуулийн энэ хэсэгт дутуудуулсан байна даа хэмээн хожим бодож байсан хэсэг бий юү?

-Байлгүй яахав дээ. Зарим нь засаж залагдаад, арай амьдралтай, илүү нарийн харж нягтлаад л явж байна. Амьдрал ч богино хугацаанд хурдан өөрчлөгдөж байна. Жишээ нь, манайх чинь ганц нийслэлдээ овоорчихсон улс боллоо шүү дээ. Тэр үед бид сайн санааны хууль хийж дээ л гэж бодогддог юм. Ингэж их талцана, бие биендээ саад тотгор хийнэ ч чинээн бодоогүй. Би л лав их гэгээн сайхныг боддог байсан. Хүмүүс яг бидний үеийнх шиг үзэл бодолтой, эх орондоо бидний үеийнх шиг хайртай биш болсон байна. Ний нуугүй хэлэхэд, энэ оронд эзэд нь үгүйлэгдээд байна. Гагцхүү мөнгө хөрөнгө ярьсан, ийм их харь хөндий улс байж болохгүй л дээ. Хуурамч Эх орончид олон болсон байна. Ахмад үеийнхэн үүнд их санаа зовж байна шүү дээ.

-Үндсэн хуулийг арай муу хувилбараар баталсан бол юу болох байсан бол?

-Монголд ардчилсан нийгэм тогтохгүй байсан. Үндсэн хууль үгүй нийгэм гэж юу байхав.

-Үндсэн хуулийг хамт батлалцсан депутатуудтайгаа одоо уулздаг уу. Холбоотой байгаа юу?

-Би Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүлэгч гишүүн. Холбооныхоо ажилд бололцооныхоо хэрээр оролцохыг хичээдэг. Одоо нөхөд маань их цөөрч байна даа. Заримтай нь өдөр тутам л уулзаж учирч, ярьж хөөрдөг. Заримынх нь сургийг ч сонсохоо больсон. Ойн үеэр л нэг сайхан уулзацгаана даа. Нөхөддөө 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Та нөхдийгөө би том ажил хийсэн, их гавьяатай хүмүүс гэж үргэлж бодож явдгаа хэлмээр байна.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …