Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзан Монгол, Туркийн тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав.
Сайд Л.Халтарын зүгээс Элчин сайд Зафер Атешийг 2021 оны 05 дугаар сард Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн хоёр улсын эдийн засаг, худалдаа, бизнесийн өргөн харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол, Туркийн тээврийн салбарын хамтын ажиллагаанд агаарын болон автотээврийн харилцаа томоохон байр суурь эзэлж байгаа ба цар тахлын нөхцөлд тээврийн үүрэг оролцоо улам бүр нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв.
Тиймээс хоёр тал харилцан ашигтай, эрх тэгш байх зарчимд тулгуурласан агаарын харилцааг нэмэгдүүлэх, мөн төмөр замын үр ашигтай, хурдан шуурхай холболтыг бий болгох чиглэлээр анхааран ажиллаж холбогдох мэргэжлийн байгууллагуудын хооронд эдгээр чиглэлээр ажил хэргийн уулзалтыг хийх талаар Элчин сайдтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Зафер Атеш цар тахлын улмаас зогсоод байсан Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэг 2021 оны 04 дүгээр сараас үргэлжлэн хийгдэж байгаад баяртай байгааг хэлж, сүүлийн үед Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс Турк Улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авах, бизнес хийх явдал ихээхэн нэмэгдсэнтэй холбогдуулан эрэлтийг хангасан тээврийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байгаа тэмдэглэв. Энэ хүрээнд Туркиш Эйрлайнсын нислэгийг давтамжийг нэмэгдүүлэх, Улаанбаатараар дамжин Азийн бусад чиглэлүүд рүү ачаа тээврийн нислэг хийх зөвшөөрөл авах хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Төмөр замын чиглэлээр БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын хүрээнд Дунд коридор буюу Туркээс Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад зэрэг улсуудаар дамжсан төмөр замын коридороор Монгол Улстай холбогдох боломж байгааг хэлж хамтран судлахыг санал болгож, хоёр тал ярилцсан санал, сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудын хооронд холбоо тогтоон хамтран ажиллах чиглэл өгч дэмжиж ажиллахаар тогтов.