Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна.
Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс эхлээд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв”, Гаалийн бүрдүүлэлтийн албаар орж, ачаа тээврийн ажлын бэлтгэлийг шалгалаа. Албаны хүмүүс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдээллээ.
Дараа нь Замын Үүд дэх тээвэр эрхлэгчид болон тээвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа.
Шадар сайд тээвэр эрхлэгчдийн асуусан асуултад хариулт өгч тэдэнд хандан хэлсэн үгэндээ “Та бүхэн 30 жил урд хөршөөс ачаа барааг тээвэрлэн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрт хүргэж, иргэдийн хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомстол үүсч, үнэ өсөхөд хүрч байна. Хаалттай байсан хил гааль гурван сарын дараа нээгдэх гэж байгаа учраас төр засгийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгээд байна.
Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулагдаж байгаа эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал” гэдгийг Шадар сайд яриандаа онцоллоо.