Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 01 дүгээр тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан Дэд ажлын хэсэг байгуулан Замын-Үүд боомтод ажиллаж байна.
Монголын талаас тээвэрлэлтийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүд сумын Гаалийн хяналтын талбай хүртэлх тээвэрлэлтийг Зэвсэгт хүчин болон Хил хамгаалах албаны 50 жолоочоор гүйцэтгүүлж байгаа. Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж 20 гаруй чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болон өслөө.
Өчигдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны байдлаар нийт 271 тээврийн хэрэгслээр 369 чингэлэг буюу 5996.3 тонн ачаа татан авсан. Зохион байгуулалтын хувьд хилийн тэг цэгээс логистикийн төв хүртэл жолооч нар тээвэрлэж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээг тухай бүрд нь хийлгэхээр инженер, техникийн 10 ажилтныг тусгаарлан, ажиллуулж байна. Түүнчлэн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөгийн ханштай болж буурсан үзүүлэлттэй байна. Ачаа, барааны хувьд гаалийн бүрдүүлэлтийн дарааллын дагуу ирдэг. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ачааг хариуцсан яамны албан бичгээр оруулдаг. Бусад ачааны эрэмбэ дарааллыг өөрчлөх эрх ямар ч албан тушаалтанд байхгүйг хариуцлагатайгаар хэлье” гэв.
Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат “Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг дан ганц Замын-Үүдэд биш бусад боомтуудад ч ажиллаж байгаа. Жишээ нь, Гашуунсухайт-Ганцмод боомтоор л гэхэд бараа, материал нэвтрүүлж байна. БНХАУ-ын талаас тавьж буй гол шаардлага нь Монгол Улс боомтууд дахь коронавирусийн халдвараа бууруулж, хяналтдаа авах ёстой гэдэг. Хэрвээ энэ шаардлагад хүрч чадвал хязгаарлалтгүйгээр бараа, материалаа авах боломжтой.
Замын-Үүд боомтод цагдаагийн 161 алба хаагч, 28 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
ЦЕГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр “ Ачаа тээвэртэй холбоотой авлигын талаарх санал гомдол иргэн болон хуулийн этгээдээс ирээгүй. Хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэлх тээвэрлэлтийн үнийг Монгол Улсын Засгийн газраас хариуцан ажиллаж байгаа. Тиймээс үүн дээр авлига өгөх, авах ачаа бараагаа урагшлуулах асуудал огт байхгүй. Гаалийн бүрдүүлэлт хийгээд логистикийн төв дээр очсон хойно нь иргэд, хуулийн этгээд ачаагаа авах нь чөлөөтэй” хэмээн хэлэв.