Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ. Ингэхдээ шөнийн 02:00 цагаас хойш нийт 136 тонн бодисыг 01:30 цагийн давтамжтайгаар зам талбайд цацсан байна.
Тэгвэл энэ сарын 24-ний 06:00 цагаас хойш буюу өглөөний ээлжид 22 бригадын 270 орчим зам талбайн үйлчлэгч ажилдаа гарчээ. Мөн 16 бичил техник, таван шүүртэй машин, найман хог тээврийн машинаар зам талбайн цэвэрлэгээг хийж байгаа юм. Шөнийн ээлжийн ажилчдын цацсан давс, бодисын хайлалт сайн явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар халтиргаа, гулгаатай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байна. Түүнчлэн зам талбайн үйлчлэгч нар халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй гүүр, туннель, нүхэн гарц, өгсүүр болон уулын замыг анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 1395.5 тонн давс, бодисын нөөц байгаа бөгөөд олон жилийн дунджаар энэ өвөл болон хавар хангалттай хүрэлцэхүйц нөөцийн үлдэгдэлтэй байгаа гэдгийг Хот тохижилтын газраас мэдээлэв. Мөн нөөцийг нэмэгдүүлэхээр татан авалтыг үргэлжлүүлж байгаа гэдгийг онцолсон юм.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Цаг уур, орчны шинжилгээний газартай байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд цаг уурын албан мэдээлэл дээр үндэслэн, ажлаа урьдчилан төлөвлөж, нийслэлийн иргэдийг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас халтиргаа гулгаанаас сэргийлэх зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргүүлж байна. Тухайлбал, жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Харин албан байгууллагуудын хувьд ойр орчмынхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэх, гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.