“Альфа доктор мед” ХХК болон БНСУ-ын “Жидакс” компанийн хамтран байгуулсан “Их бараат” лаборатори нээлтээ хийлээ.
Уг лаборатори нь корона вирусийг 15-45 минутад оношилдог. Харин бусад лабораториуд ачааллаасаа шалтгаалаад шинжилгээний хариуг 24-72 цагийн дотор хариу гаргадаг.
Манай улсад корона вирусийн PCR шинжилгээний хариу хүлээх зуур халдвар авах, вирусээр өвчилсөн тохиолдолд биеийн байдал хүндрэх, хугацаа алдах зэрэг олон талаар эрсдэл учруулдаг. Тэгвэл “Их бараат” лаборатори PCR шинжилгээний хариуг 45 минутад, түргэвчилсэн шинжилгээний хариуг арван таван минутад гаргах боломж бүрдүүлжээ.
Уг технологийн бас нэгэн давуу тал бол 50 гаруй өвчин, зарим төрлийн хорт хавдрыг оношлох чадамжтай аж.
Нээлтийн арга хэмжээнд “Жидакс” ХК-ийн гүйцэтгэх захирал Ли Жон Ху хүрэлцэн ирж, шинэ технологийнхоо талаар танилцуулсан юм. Уг технологийг одоогоор ХБНГУ, АНУ, АНЭУ зэрэг 20 гаруй улс нэвтрүүлээд байгаа юм байна.
Тэд дэвшилт технологид суурилсан уг төхөөрөмжийг нутагшуулж, лабораторийг нээх хүртэл нэг жилийн хугацаанд туршилт хийж баталгаажуулжээ.
“Альфа доктор мед” компанийн гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл “Манай лаборатори суурин болон зөөврийн байдлаар ашиглах боломжтой. Тиймээс аж ахуйн нэгж, албан байгууллагуудад дуудлагаар очиж шинжилгээ авч, богино хугацаанд хариуг нь гаргана. Мөн халдвар хамгааллын онцгой дэглэм бүсэд тооцогддог хилийн боомтуудад үйл ажиллагаа явуулах бололцоотой. Энэ нь жолооч нарыг машинаас нь буулгахгүйгээр шинжилгээ авч, ачаа тээврийг ариутгах цогц үйлчилгээг боомтуудад нэвтрүүлж байна. Ингэснээр эдийн засаг, цаг хугацааг хэмнэж, ачаа тээврийн эргэлтийг хурдасгах давуу талтай. Тиймээс бид чипэд суурилсан төхөөрөмжүүдийг боомтуудад байршуулан ашиглах төсөл санаачилж ТЭЗҮ боловсруулж байна” гэсэн юм.
Уг төхөөрөмж нь нэгэн зэрэг 16 хүний шинжилгээг оношлохоос гадна томуу эсвэл корона вирус эсэхийг илрүүлэх юм байна. Мөн хорт хавдрыг оношилж аль үедээ байгааг нь тогтоодог аж. Одоогоор дөрвөн төрлийн хавдрыг чипний тусламжтайгаар илрүүлэх боломжтой. Цаашид төрөлжүүлж илүү олон төрлийн хавдрыг илрүүлдэг болно гэдгийг тус эмнэлгийн мэргэжилтнүүд хэллээ.