Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд манай улсын уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй оролцохоор болсон.
Дээрх шийдвэрийн хүрээнд Соёлын яам энэ оны 5-р сард Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд Монгол Улсын павильоныг ажиллуулах гэж байна. “Marché Du Films” нь кино зах зээлийн хамгийн том яриа хэлэлцээрийн талбар бөгөөд 100 гаруй улсын 12 мянга гаруй мэргэжлийнхэн оролцож, шинэ, шилдэг кино төслүүдийг танилцуулдаг юм.
Энэ үеэр Соёлын яам Кино урлагийг дэмжих тухай хууль, эрх зүйн орчин, дотоодын кино салбарын хөгжлийг сурталчлах, олон улсын продакшн, уран бүтээлчидтэй хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн дээрх наадмын үеэр сурталчилж, олны хүртээл болгох Монгол Улсад бүтээсэн арт хаус болон арилжааны шинэ кино бүтээлийн санал авч, нээлттэй үзлэг зохион байгуулж эхэллээ.
Иймд, уран бүтээлч Та бүхнийг дараах шаардлагыг хангасан кино бүтээлээ Соёлын яаманд ирүүлэхийг урьж байна.
Кинонд тавигдах шаардлага:
- Кино нь 2020-2021 онд бүтээгдсэн, дотоодын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран сайхны кино байна,
- Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх,
- Кино бүтээлийг ирүүлэхдээ Соёлын яамны логогоор тамгална уу.
Дээрх шаардлагыг хангасан киног хүлээн авч, нээлттэй үзлэг зохион байгуулна.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2022 оны 3-р сарын 7-ны өдрийг хүртэл
Бүтээл хүлээн авах: Boldbaatar@moc.gov.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг 9910-6818, 8819-1123 утсаар лавлана уу.