СХД-ийн 30-р хорооны 168 өрхийн жишиг хотхоны ажил явагдаж байна

Сүүлийн жилүүдэд Засгийн газар, улс нийслэлийн төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж гэр хорооллын ард иргэдийн амьдралын нөхцлийг сайжруулах чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа ч хүмүүсийн нүдэнд харагдахуйц ажил хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулах нь олонтой. Гэхдээ хийж бүтээж байгаа нэг хэсгээ ийм шүүмжлэлээр няцааж болмооргүй. Учир юун гэвээс нүдэнд харагдаж, сэтгэлд хүрэхүйц ажил хийгдэж байгаа талаар энд онцлох гэсэн юм.

Тухайлбал СХД-ийн 30-р хорооны 168 өрхийн санаачлагаар иргэд нийлж хороогоо жишиг хороо болгохоор зорин бүтээн байгуулалтын ажил нь ид явагдаж байна. Мэдээж гүйцэтгэлийн ажлыг мэргэжлийн баг хийнэ. Гол нь газрыг  нийслэл гаргаж тэнд нь шугам хоолой татан айлуудыг хүчээр шахам нүүлгэдэг өмнөх жишгийг халж байгаа юм. Хорооны иргэд амьдарч буй газар дээрээ өөрийнхөө гэрт халуун, хүйтэн ус оруулж шугам хоолой татуулах бүтээн байгуулалтын ажлыг хийхийг дэмжин газраа нийлүүлж нэгдэнэ гэсэн үг юм. Энэ жишгээр СХД-ийн 30-р хорооны 168 өрх нэгдэн нийлж 9 га газар дээр зам тавих, суваг шуудуу ухаж, шугам хоолой татах ажил хийгдэж шинэ жилээс өмнө дуусгахаар зорин ажиллаж байна. Замын ажил нь төгсгөлийн шатандаа орсон бөгөөд Канадаас гаралтай шинэ технологиор тавигдаж байгаа энэ замын онцлог нь өвлийн нөхцөлд ч тавьж болдог бөгөөд байгалийн шороог нь замд эргүүлэн ашиглаж болдог. Атмор компанийн хариуцан гүйцэтгэж байгаа энэхүү “Шинэ хороолол” төслийн хэрэгжилтэд хорооны иргэд анхаарал хандуулж идэвхтэй оролцож байгаа бөгөөд дан монгол инженерүүд бүтээн байгуулалтыг хийж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм. Зарим айлууд халуун, хүйтэн ус дулаанаа авахдаа бэлдээд эхэлчихсэн угаалгын өрөөгөө шинэчлэн тохижуулж өрөөний тавилга хэрэгсэл авсан байхтай ч таарлаа. Улаанбаатар хотын анхны жишиг болох энэ хорооллын бүтээн байгуулалтыг явган хүний зам, гэрэлтүүлэг, хашаа хайс зэрэг орчны тохижилттой нь хамт шийдэж байгаа нь иргэдийг идэвхжүүлсэн байна. Атмор компани замын хашлагыг эко хавтангаар шийдэж айл бүрийг хээтэй нэгэн жигд төмөр хайсаар хашаажуулахаар бэлтгэл ажлаа хийж байлаа. Гэр хорооллын иргэдийн тав тухтай нөхцлийг хангах, утааг багасгах, хөрсний бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү төслийг БХБЯам, НҮБ Хабитат оршин суугчдын зөвлөл, УБ хотын захиргаа, Атмор ХХК хамтран хэрэгжүүлж байгаа юм.






Шинэ хороолол – жишиг хотхон

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …