Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо VIII Их хурлаа “Social Democratic Student-2022” оюутны нэгдсэн чуулган нэр дор зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Боловсрол Шинжлэх Ухааны дэд сайд Ганбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар, Уул Уурхайн дэд сайд О.Батнайрамдал нар болон 500 гаруй оюутан залуучууд оролцов.
Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НАМОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Мөнхчимэг нар оролцлоо.
Тэд Боловсролын салбар дахь шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж нөхцөлийн талаар ярилцав. 2022 оны байдлаар манай улсад 78 мянган ажлын байр байгаагийн 70 хувь нь шинэ бүтээн байгуулалттай холбоотой ажил эзэлж байна.
Залуучууд дан ганц их сургууль гэлтгүйгээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дэх нарийн мэргэжлээр мэргэших нь эргээд ажлын байранд ороход чухал нөлөө үзүүлдэг гэдгийг ч тодотголоо.
“Social Democratic Student-2022” оюутны нэгдсэн чуулганы хоёрдугаар хэсэг “Үзэл санааны давлагаа” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Улс төрийн ухааны доктор Д.Бумдарь, Монгол Ардын Намын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын Ерөнхийлөгч Б.Пүрэвсүрэн, МУИС-ийн Оюутан Н.Лхагвабаяр нар оролцсон юм.
Иргэн ямар орлоготойгоос үл хамааран эрүүл мэнд, боловсролын чанартай тусламж үйлчилгээг нэгэн жигд хүртэнэ. Үүнийг төр бий болгоно. Төр бий болгохын тулд өсөн нэмэгдэх татварын арга ашиглана. Иргэн нийгмийн суурь хэрэгцээгээ хангах буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах, шаардлага хангасан орон сууцанд амьдрах эрхийг төр дэмжинэ. Мөн шаардлага хангасан орон сууцанд нь хэн ч зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхаар хүний эрх, эрх чөлөөг хамгаална. Яг ийм процессоор социал демократ үзэл баримтлал хэрэгждэг гэдгийг тодотгов.
Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа Эрх чөлөө, Шударга ёс, Эв санааны нэгдэл, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн “социал демократ” үзэл баримтлалтай улс төрийн байгууллага гэдгээ тодотгож, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах “шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гаргасан.
Тийм учраас намын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо нэрээ өөрчилж, гишүүдийн 98 хувийн саналаар цаашид “Социал Демократ” Монголын оюутны холбоо нэрээр үйл ажиллагаагаа явуулахаар болж, М.Ганхүлэг 100 хувийн саналаар “Социал Демократ” Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаар тамгаа гардаж авлаа.