УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийг төсвөөс эхлэе гэдэг санаачилга гаргасны дагуу өнгөрсөн хугацаанд үр ашиггүй гэж үзсэн нэг тэрбум гаруй төгрөгийн худалдан авалтын тендерийг зогсоосон байна.
Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2022 төсөвт тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлэх гэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр, “Цар тахлын хорио цээр хоёр жил үргэлжиллээ. Хорио цээрийн улмаас эдийн засагт хүндрэл бэрхшээл учирсан. Дэлхий даяар тээвэр ложистик нийлүүлэлтийн гаралтай инфляци гаарсан. Тээврийн үнэ 5-6 дахин нэмэгдсэн тохиолдол гарсан.
Цар тахлын эдийн засагт учруулсан сүүдрээс алсарч амжаагүй байтал олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шоок, шатахууны үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын ханшийн цочроо зэрэг сөрөг үзэгдлүүд нийгэм эдийн засагт дарамт учруулж байна.
Нийгмийн бухимдал өндөр байгааг маш сайн ойлгож байна. Нийгмийн бухимдлаас үүдэлтэй жагсаал цуглааныг ойлгож, хүндэтгэлтэй хандаж байна. Жагсагчдын санал хүсэлтийг УИХ-ын тамгын газар хүлээж авсан.
Энэ дагуу ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсгийн зорилго бол нэгдүгээрт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдсэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн тухай.
Хоёрдугаарт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бодлогын шийдлийг ярилцана.
Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, төсвийн байнгын хорооны дарга, эдийн засгийн байнгын хорооны дарга , МАН-ын бүлгийн дэд дарга Х. Булгантуяа нартай зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай.
Төрийн хэмнэлт дээрээсээ эхлэе, төсвийн хэмнэлт 650 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн ч экспортоо дэмжихгүй бол нөхцөл байдал амаргүй байх төлөвтэй байна.
Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд нэг тэрбум гаруй төгрөгийн тендер худалдан авалтыг зогсоож, бичгийг нь ирүүлээд байна. Шилэн дансанд тулгуурлаж зөвхөн иргэдээс ирсэн хүсэлтээр гэхэд л нэг тэрбум гаруй төгрөгийн тендерийг зогсоолоо. Тэгвэл цаана нь төсөвт өөр бололцоонууд байна. Өөр илүү бодлогын шийдэл гаргая” гэсэн юм.