Хүүхдүүдийг цахим халдлагаас хамгаалцгаая

Цар тахлын улмаас оюутан, сурагчид онлайнаар хичээллэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа нь  уртассан. Хэрэглээ нэмэгдэх тусам цахим орчин дахь дээрэлхэх, дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, интернет тоглоом зэрэгт уруу татагдах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ интернет хэрэглээг хянах, анхаарал хандуулах шаардлага тулгарч байна.

Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ-тай өнөөдөр санамж бичиг байгууллаа.

Энэ хүрээнд  сурагч, оюутан, эцэг эх, асран хамгаалагчид, багшийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь аюулгүй, зохистой үйл ажиллагааны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх юм. 

Санамж бичгийн хүрээнд:

Боловсролын ерөнхий газар, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн  Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран цэцэрлэг, сургуулийн зөвлөл, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд ёс зүй, ёс суртахуун, хүүхэд хамгаалал, цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим зохистой хэрэглээг төлөвшүүлэх агуулгын хүрээнд сургагч багш бэлтгэх

Сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багшийн цахим орчинд эерэг, зөв, соёлтой оролцох боловсрол олгох, сургалт хэлэлцүүлэг хийх, цахим хүчирхийлэл, доромжлол, гадуурхал, дээрэлхэл зэрэг сөрөг нөлөөллөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн асуудлын хүрээнд багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийг цуврал лекц, подкастаар дамжуулан олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг ажилд хамтран ажиллах юм.

Мөн өнөөдрийн арга хэмжээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд оролцож 10 төрлийн 8000 ширхэг зурагт хуудсыг Боловсролын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.  Дэлгэцийн донтолт гэж юу болох, ТИК ТОК-ийн тухай эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлс зэрэг  зөвлөмжийг Боловсролын ерөнхий газраар дамжуулан сургууль бүрд хүргэнэ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …