Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн 17 төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр энэ үеэр “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн байгууллагын ачааны хүндийг анхан шатны байгууллагууд үүрч байсан. Өнөөдрийг хүртэл цар тахлын хүнд үе бүрэн дуусаагүй байна. Тэр дундаа хөрш зэргэлдээ БНХАУ төдийгүй өндөр хөгжилтэй орнууд одоог хүртэл цар тахлын хувилбаруудтай нүүр тулж байгаа. Тиймээс та бүхэн анхаарал болгоомжоо алдалгүй ажиллах нь чухал юм” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-д ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тус улсын “BBB” компанийн зүгээс түргэвчилсэн чипт аппаратыг Нийслэлийн Засаг даргын орлогчид гардуулсан. Тэгвэл өнөөдөр тус компанийн удирдлагуудын хамт “Ковид-19” түргэвчилсэн чипт аппаратыг уулзалтад оролцсон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хүлээлгэн өглөө.
Уг төхөөрөмж нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг арга хэмжээнд ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, “Ковид-19”-ийн түргэвчилсэн шинжилгээ, PSA буюу түрүү булчирхайн хавдрын маркер, CEA буюу ходоод бүдүүн гэдэсний маркер, AFP буюу элэгний хавдрын маркер, CA125 буюу өндгөвчний хавдрын маркер зэрэг нийт найман төрлийн шинжилгээг хийх боломжтой аж.