Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцлаа. 

Ерөнхий сайд “Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсон. 70 жилийн өмнө Замын-Үүд-Эрээн боомтын хил холболтын цэгийг тохирч байсан бол 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг тохирч холбогдох бүтээн байгуулалтын ажил хийж, шилжүүлэн ачиж, буулгах терминалыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар болоод байна. Бид экспортын гарцаа ойрын ирээдүйд дөрөв болгоно” гэлээ.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбохоор тусгасан. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж байна. Тус терминал Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих зориулалттай.

Мөн талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай, гаалийн хяналтын болон хүлээлгийн талбай зэрэг нийт 74 га талбайгаас бүрдэх байгууламж юм. Терминал ашиглалтад орсноор 10 жилийн хугацаанд 224,6 сая.ам.долларын орлого олж, улсын төсөвт 17.17 сая.ам.долларын татвар төвлөрүүлэн, 8.7 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, 58.8 сая.ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм.

“Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал Ерөнхий сайдад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар эдний хамт олон ажиллаж байна.

Энэ ажил 79.5 хувийн гүйцэтгэлтэй байгааг Н.Удаанжаргал захирал хэлээд төслийн хүрээнд 174 байршилд хоолой, 15 байршилд дам нуруут болон жаазан гүүр, дэлгэмэл уртаараа нийт 312.8 км төмөр замын дээд бүтэц барихаас 240.5 км нь бүрэн дууссан.

Өртөө, зөрлөгүүдийн дохиоллын ажил 59.29, холбооны ажил 51.82 хувийн гүйцэтгэлтэй, нийт 464.2 км шилэн кабелын шугам суурилуулахаас 418.2 км-ынх нь ажил дууссан.

Тавантолгой өртөөний удирдлагын байр 97, өртөө, зөрлөгүүдийн ажилчдын орон сууц болон удирдлагын байрууд 95 хувийн гүйцэтгэлтэй. Төслийн эрчим хүчний ажлын хүрээнд 17 байршилд дэд станц барьж байгуулахаас 16 хэсэгт байрлуулж дууссан бөгөөд нийт 270 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам угсрахаас 255.9 км-ыг угсарч дуусаад байна гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ ажилд гар бие оролцон ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг нэг сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг хэлээд “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт 267 км төмөрзам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км зам энэ намартаа багтаж бүрэн ашиглалтад орно.

Энэ замууд ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой. Хоёр талын холбогдох байгууллагуудын удаан хугацааны яриа хэлэлцээ болон халдвар хамгааллын дэглэмийг үр дүнтэй зохион байгуулсны үр дүнд тавдугаар сарын 25-наас нүүрсний уртын тээвэр, 31-ний өдрөөс задгай тээвэр эхэлснээр боомтын гацаа шийдэгдэж, олон сар огцом буурсан экспортын хэмжээ нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлэх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэвийн болж, Монгол Улсын эдийн засгийн эерэг үзүүлэлт нэмэгдэнэ.

Цар тахлын нэн амаргүй цаг үед Гашуунсухайт боомтын Цагаанхад суурьшлын бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Монгол Улсын экспортыг тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж чадсан хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, гэрээт цагдаагийн 300 гаруй албан хаагчид, энэхүү онцгой дэглэмийг чанд мөрдсөн экспортын тээврийн жолооч Та бүхэндээ талархал илэрхийлье” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …