Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын 85 хувь нь ногоон байгууламж болно

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар зохион байгуулж байгаа нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалт боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн амралт зугаалга, ногоон байгууламжийн  талаар танилцуулсан.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тохижилт, ногоон байгууламж, явган замын төлөвлөлтүүдийг хийсэн. Маршалын гүүрний зүүн талын хэсэгт 5 га талбайг эзлэх тохижилтын ажлыг төлөвлөж, зураг төсөл нь гарсан байгаа. Тухайлбал, явган зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амарч зугаалах талбай, дугуйн замын шийдлүүдийг багтаасан. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл цаашдаа үргэлжлээд явах бололцоотой.

Түүнчлэн нийтийн эдэлбэр газрыг сайжруулах арга хэмжээний хүрээнд гарааш, хашаа, хайс чөлөөлөх, тохижуулах зэрэг олон ажлыг хийж байна. Тухайлбал, чөлөөлсөн байршлуудад давхар авто зогсоол, газар доорх гараашийн тохижилтын шийдлүүд гарсан. Тохижилт хийх байршлуудад зураг төслийн ажил хийж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нийт 35 га газрын 85 хувь нь ногоон байгууламж болно. Явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийж хэрэгжүүлэх юм” гэлээ.

ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ 637.7 ГА ТАЛБАЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хотын тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт, дүүрэг бүрд хэрэгжүүлж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайс буулган тохижуулсан ажлуудын талаар танилцууллаа.

Тэрбээр  “2022 онд хэрэгжих 59 төсөл, арга хэмжээ байгаа. Хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. ДЭМБ-аас нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дунджаар 9 м2 гэж заасан. Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-24 м2 байдаг. Манай хотын хувьд ойролцоогоор 5.5 м2 байгаа. Усан сан буюу хиймэл нуур барьж байгуулах, ай савууд дээр усан цөөрмийг бий болговол агаар, усны бохирдол, тоосжилтыг багасгаж, чийгшил нэмэгдэх хэрээр ногоон байгууламж, ойжуулалтад таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Гадаргын усыг цуглуулж нуур, цөөрөм бий болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цогцоор нь хэрэгжүүлэх шийдэл болно. Мөн гарааш, хашаа хайс, явган хүний замын хөдөлгөөнд саад учруулж буй объектыг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа” хэмээлээ. Түүнчлэн газар хийгээд мөнгө нь байх юм бол 10 давхар барилгыг нэг жилийн дотор барина. Харин мод арчилж ургуулахад багадаа 10 жил шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …