2012 оны хавар нээлтээ хийж байсан “Аравт”, түүнээс хэдхэн сарын дараа гарч байсан “Домогт Ану хатан”-аас эхлээд хамгийн сүүлд 2021 оны өвөл гарсан “Хотулун гүнж: Алтан судрын эрэлд” хүртэл түүхэн, тулаант төрөлд Монголчууд хэд хэдэн томоохон төслийг дэлгэцнээ амилуулсан.
Харин домгийн шинжтэй зөгнөлт, тулаант төрлөөр орчин үед хийгдэж байгаа анхны кино “Тэгри Чину” цуврал болж байна. Цэвэр уран төсөөллөөр бичигддэг кино зохиолын хувьд ямар нэг зүйлд баригдалгүй ургуулан бодож л чадаж байвал үзэгчдийн өмнө нь огт харж байгаагүй зүйлийг ч буулгаж ирэх боломжтой гэдгээрээ маш давуу талтай. Харин энэ цувралын хувьд одоогоор цацагдаад байгаа 3 анги дээрээ уулга алдмаар гэнэтийн бэлгүүд хэд хэдэн хэсэгт харагдсанаас гадна киноны үйл явдлаас харахад үзэгчдийг гайхшруулж магадгүй гэсэн хүлээлт өөрийн эрхгүй үүсгэж байна.
Бусад хүмүүс яадгийг мэдэхгүй, би бол киноноос хамгийн түрүүнд ерөнхий найруулгын чанар, найруулагчийн гоё шийдлүүдийг харахыг хичээдэг. Өмнө нь найруулагч Эрдэнэбилэг 2015 онд аав киногоо танилцуулах үеэр шууд л миний дуртай найруулагч болчихсон юм. Түүний Яллагч, Хийморь, Үргээлэг 2 гээд ерөнхий найруулагчаар нь ажилласан кинонуудаас харахад их нарийн мэдрэмжтэй, жижиг зүйлсэд ч утга учир шингээж өгдөг, ач холбогдол багатай хэсэгт ч их хичээж ажилладаг хүн шиг санагддаг юм.
Тэгри Чину-д ч энэ онцлог нь их харагдаж байлаа. Дөнгөж 3 анги цацагдаад байгаа болохоор цувралын ерөнхий найруулгын талаар ярих эрт байх. Харин их олон хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байсан жүжигчдийн харилцан ярианы хувьд хамгийн анх киноны нээлтийн арга хэмжээн дээр нэг л эвгүй, зарим үгийг нь ойлгож амжихгүй, дасахгүй байсаар дуусгасан бол дараа нь үзэх тусам эвтэйхэн санагдаж ингэж шийдсэн нь харин ч зөв байсан мэт санагдлаа. Хэлэгдэж байгаа ярианд зохиолын маш их хүнд текстүүд орсноос болж жүжигчид түүртээд сул харагдаж байна гэсэн шүүмжлэлтэй их олон удаа таарч байсан. Минийхээр бол гаднын сайн киноны харилцан яриа энэнээс ч хүнд, урт текстүүдтэй байдаг. Тэр хүнд текстүүдийг хэлж тоглох ачааг энэ том жүжигчдэд өгөхгүй юм бол өөр хэнд оноох билээ.
Тодко Самсоны зохиол анх кино болж гарсан нь Сүрэг байсан. Cаяхан буюу 2022.04-р сард нээлтээ хийгээд зарим театраар одоо ч гарч байгаа тэр киног анх үзээд жүжигчдийн харилцан яриаг хэрхэн бичсэнийг хараад зохиолчийг нь их үнэлж байсан шиг Тэгри Чину цувралын зохиол ч яггүй бичигдсэн гэдэг нь жинтэй үгнүүдээр нь харагдаж байлаа. Энд нэг зүйлийг хэлэхэд анх 1-р ангийг нь үзээд үйл явдал нь цааш хэрхэн өрнөх талаар дотроо хэд хэдэн таамаг дэвшүүлээд байтал 3-р ангийг үзсэний дараа таамаглаж байснаас шал өөрөөр эргэхийг хараад үргэлжлэлийг хүлээх хүлээлт маань улам нэмэгдсэн юм. Бас нэг зүйлийг сануулахад 1-р ангийн эхэнд гардаг тулааны хэсгийг дахиад үзчихвэл тэндээс их олон зүйлийг таамаглаж болохоор санагдсан. Овог аймгуудын зөрчил цаашид улам ширүүсэх нь ойлгомжтой болсон. Цус асгаруулсан энэ тэмцлийг харуулахдаа зохиолч найруулагч хоёр маань Монгол кинонд нийтлэг гардаг эсрэг дүр байсан ч хүний сэтгэл доторх зөрчил, үнэт зүйл зэргийг орхигдуулдаг алдааг битгий гаргаасай.
Цувралын юуг нь ч шүүмжилж болох ч зураг авалтыг бол шүүмжлэх хүн гарахгүй байх гэж би бол бодож байгаа. Ийм сайн план тавилттай, гоё өнгөтэй Монгол киног хамгийн сүүлд хэзээ үзсэн билээ. Ямар ч байсан Фантастик, Хувьсал дээр ажиллаж байсан Гүенбаатар, Сэнгэдорж найруулагчийн кинонд ажиллаж байсан Базаррагчаа, эсвэл Баатар гээд мундгуудаас харж байгаагүй нэг тийм өөр өнгө будгийг мэдэрсэндээ их баяртай байгаа. Байгалийн гоё тогтоцтой газруудыг сонгож авсан нь бас их нөлөөлсөн байх л даа.
Ямартай ч эхний нээлтийн ангийг үзэж дуусаад хамгийн түрүүнд бодогдсон зүйл бол тулаант, зөгнөлт, адал явдалт цуврал бол ийм түвшинд байхад тун боломжийн. Мэдээж хүүхдийн жүжиглэлт, өнгө, тулаан, компьютер график гээд өшөө илүү сайжруулах зүйлүүд байгаа. Гэхдээ энэ бол яваандаа хэлсэн хэлээгүй аясаараа сайжраад явах зүйлүүд болохоор миний хувьд тийм их акцент өгмөөргүй санагдаад байгаа юм. Монгол сайн киноны одоогийн түвшнийг ахиулснаас биш унагаагүй чанартай цуврал болсон гэж минийхээр дүгнэлээ.
Эх сурвалж:https://www.facebook.com/moviereviewsandmeme