“Альфа Доктор Мед” компани өнөөдөр /2022.06.15/ Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Альфа Доктор Мед” ХХК-ийн Ерөнхий захирал Lee Jeoung Ho, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа, “Альфа Доктор Мед” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нар гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
– Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн Өрхийн эмч, мэргэжилтнүүдийг Солонгос улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилтэй танилцах, харилцан туршлага судлах, сургалтыг зохион байгуулах,
–Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, тоног төхөөрөмжөөр хангах,
– Өрхийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжлийн хэрэгцээтэй сэдвээр чадавхжуулах сургалтыг хамтран зохион байгуулах,
– Аймаг, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн, тусламж үйлчилгээг өргөжүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, оношлох зорилгоор оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.
Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа“Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоо нь Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 225 өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа 3000 гаруй эмч, мэргэжилтнүүдтэй нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг.
Өнөөдөр “Альфа Доктор Мед” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна. Манай холбоо “Альфа Доктор Мед” компанитай хамтран өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг гадаадад туршлага судлуулах, ялангуяа Солонгос улсын анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд эрт илрүүлэх үзлэгийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар туршлага судлах, хамтарсан сургалт зохион байгуулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор гурван жилийн хугацаатай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. ” хэмээн ярилаа.