Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй БШУЯ, харьяа газрын удирдлагууд “Google” компанийн Ази Номхон далайн бүсийн боловсролын захирал, төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар боловсролын салбарын цахим шилжилтийг хамтарч хэрэгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.
“Ковид-19” цар тахлаас үүдэн боловсролын үйлчилгээ хувилбартай болсон. Танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг явуулах болсон нь боловсролын цахим шилжилт хийх зайлшгүй шаардлага үүссэн юм.
“Google” компанийн хувьд Ази Номхон далайн бүсийн орнуудтай боловсролын салбарт, тэр дундаа боловсролд зориулсан Google, багш, оюутны хөгжил, мэдээлэл, харилцаа, холбоо технологийн сургалт, сургалтын төхөөрөмж зэрэг чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлсэн сайн туршлагатай.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын зүгээс боловсролын байгууллагын уялдаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал, цахимаар суралцахад дата алдагдалгүй байх, багш, сурагчдын цахим хэрэглээний ур чадварыг сайжруулах чиглэлд хамтарч ажиллах саналаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд дараагийн удаа техникийн түвшний нарийвчилсан уулзалт зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.