Т.Баасансүрэн: Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхны парламентын Хэвлэл мэдээллийн албанд ажилласан минь

Нацагийн Багабанди Улсын Их Хурлын дарга болов. Дэд даргаар Дорноговь, Сүхбаатар, Төв аймгийн даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав сонгогдсон. Эрхүүд хуульчийн мэргэжил эзэмшсэн Н.Ринчиндоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхдугаар парламентын удирдлага 1992 онд ингэж бүрэлдсэн юм.

Эрхүүгийн Их Сургуулийн орос хэлний бэлтгэл ангид хамтдаа суралцаж байсан Н.Багабанди өнөөх Баасансүрэн хаана явж байна гэж Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаасаа сураглажээ. Н.Ринчиндорж намайг дуудаж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллахыг санал болгов. Зөвшөөрлөө. Ингэж байнгын үйл ажиллагаатай Улсын Их Хурлын түүхэн дэх анхных нь Хэвлэл, мэдээллийн албаны дарга болсон юм. Бас Улсын Их Хурлын даргын хэвлэлийн төлөөлөгч гэсэн давхар гуншинтай байв.

Байнгын үйл ажиллагаатай парламентын хувьд бүх зүйл, түүний дотор Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчилж өргөн олонд хүргэх бодлого, үйл ажиллагааг ч цоо шинээр эхлэх хэрэгтэй болов. Өмнөх Улсын Бага Хуралд ажиллаж байсан Жамъяандоржийн Нэргүй гэдэг ганц зааварлагчийн хамт ажлаа эхлэв. Хууль тогтоомжууд, түүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэхийг сар, улирал, хагас ба бүтэн жилээр сурталчлах сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулж гаргалаа. Баталсан хуулийг “Төрийн мэдээлэл“ сэтгүүлд бүрэн эхээр хэвлүүлдэг байв.

Ж.Нэргүй. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслолын үеэр. 2017.11.27


Сурталчилгааны бүтэн жилийн нэг их том төлөвлөгөө зохиогоод Улсын Их Хурлын дарга дээр орлоо. Н.Багабанди маш чамбай хүн. Үзээд юу хэлэх бол гэж дотроо эмээж байснаа нуугаад юүхэв. Дарга сэдэвчилсэн төлөвлөгөөг нэгэнтээ эргүүлэн бүлгүүдийг гүйлгэн хараад

-Баасансүрээн батлачих уу, би чамд итгэж байна гэв. Батлав гээд Улсын Их Хурлын дарга гарын үсгээ зурчихлаа. Хүн ингэж ихээр итгэж найдаж байхад түүнийг нь идэвх зүтгэлээр хариулах ёстой шүү гэж эрхгүй бодогдсон. Энэ бол манай Н.Багабандийн ажлын бас нэг өвөрмөц арга. Хүнийг хөдөлгөх хүчтэй механизм байсан болов уу.

Хууль батлагдмагц тухай бүр нь сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал хийж, түүнд уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, бусад гишүүдийг оролцуулж мэдээлэл өгүүлдэг практикийг хэвшүүлэв. Шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоолын агуулгыг өргөн олон нийтэд хүргэх явдал онцгой чухал байлаа.  

Практикаас харахад сонин, сэтгүүлд бүрэн эхээр нь нийтлүүлсэн хуулийг анхааран сууж уншдаг хүмүүс нэг их олонгүй юм билээ. Яг ажил эрхэлсэн албан хаагчид нь олж үзнэ үү гэхээс жирийн уншигчид сонирхдоггүй байсан. Учир тиймээс шинээр гарч буй хууль тогтоолын агуулгыг тайлбарлан таниулах явдал онцгой чухал болохыг олж ухаарсан. Тийм тайлбарыг тухайн хууль дээр сууж боловсруулсан Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын хуулийн зөвлөхүүдээс илүү хэн ч хийж чадахгүй аж. Тиймээс тэднийг хэвлэлийн бага хуралд урин оролцуулж, сэтгүүлчдэд тайлбарлуулдаг байв.

Зэрэгцүүлээд радио болон телевизийн цуврал ярилцлага зохион байгуулж эхэлсэн. Сурталчилгааны энэ хэлбэр өргөн олон түмэнд илүүтэй хүрдэг байв. Хууль тогтоомжийг хэрэг болгон сонирхож уншдаггүй хүмүүс харин сонсох дуртай байдаг юм билээ. Улсын Их Хурлын гишүүдийг иргэд сонгогчидтой уулзаж, боловсруулж, батласан хууль тогтоомжоо тайлбарлах явцад нь радио, телевизийн сурвалжлага хийлгэдэг болов. Мөн энэ тухай сонинд нийтлүүлж эхэлсэн. Сурталчилгааны эл хэлбэр амьд сонирхолтой, асуулт хариултаар баяждаг нь сонирхол татдаг байв.

Ж.Нэргүй бид хоёр нэг их удалгүй хоёулахнаа энэ бүх ажлыг дийлэхгүйгээ ойлгосон. Улсын Их Хурлын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад ч өөрчлөлт орж Хэвлэл мэдээллийн албаны ажлыг өргөжүүлэн бэхжүүллээ. Энэ үед надтай миний алдрай багын анд нөхөр зохиолч, сэтгүүлч Бажуудайн Ганбат уулздаг юм байна. Түүнийг нэг томоохон компанийн орлогч захирал болж дэвшээд “УАЗ-469” унан давхиж явдаг болсон гэж сонссон билээ. Баажуудайн Ганбат надад

– Найз нь өчигдөр өөрөө өөртөө нэг их гутарлаа. Төв бараа бааз дээр сэлбэг хэрэгсэл авах санаатай явж очив. Өдрийн цайны цаг таарч, нярав нь алга байна. Миний адил зорилготой очсон арав гаруй хүн тэнд байна. Авгай хүүхэн, идэр залуу эрс, нас тогтсон хөгшин хандгай янз бүрийн л улс байх юм. Нярав хүлээх зуураа тэдэнтэй яриа хөөрөө өрнүүлж хэд гурван үг солилоо. Нэгд нь хадаас хэрэгтэй байхад нөгөөд нь дээврийн хар цаас хэрэгтэй гэнэ. Гурав дахьд нь бөөндөөд ашиг олж л байвал юу ч хамаагүй байх жишээтэй. Би чинь хэн билээ? Намайг төр засаг, түмэн олон яах гэж их дээд сургуульд сургаж, хэл уран зохиолын мэргэжил эзэмшүүлэн зохиолч, сэтгүүлч болгосон билээ. Сүүлийн үед чи Монголын утга зохиолд юу бүтээв гэж өөрөөсөө эрхгүй асуулаа даа. Хариулах үг олдохгүй өөрөөсөө ичих шиг болов. Буруу замаар будаа тээж яваагаа дөнгөж сая л ойлголоо. Машин унаж давхин мөнгө төгрөг хөөцөлдөх нь миний ажил биш юм байна. Үзэг цаасаа хөдөлгөж суух нь заяаны үндсэн ажил бололтой гэв.

Бажуудайн Ганбат бол “Үнэн“ сонинд надтай хамт ажиллаж байсан, сүүлдээ дэвшээд тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга болсон хүн. Туршлагатай сэтгүүлч, “Үнэн“ сонинд 18 жил ажилласан санагдана. Хариуцлагатай, маш зарчимч. Аманд өөрөө орж ирсэн шар тосыг би юу гэж хэлээрээ эргүүлж түлхэх билээ дээ. Надтай хамтарч ажиллахгүй юмуу, “Төрийн мэдээлэл“сэтгүүлийг хариуцан гарга. Надад бас бодож санаж буй юм бий, түүнд минь тусла гэж түүнд санал болгов. Нөхөр маань маш дуртай зөвшөөрч байна. Сэтгэл их хангалуун байгаа бололтой. Ингэж нэг чадварлаг боловсон хүчнийг албандаа татаж авав. МСХ-нд хамт ажиллаж байсан, сүүлд Эрхүүгийн Улсын Их Сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэсэн Б.Янжинлхамыг түүнд туслуулахаар нэмэлт хүч болгож өгсөн.

Нөхөдтэйгээ зөвлөж “Төр, засгийн ажилтанд тусламж“ сэтгүүлийг нэмж гаргахаар ярьж тохиролцов. Улсын Их Хурлын шинээр батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн тайлбаруудыг энд тэндхийн сонин хэвлэлд нийтлүүлэх нь систем муутай, олж цуглуулж түүвэрлэхэд төвөгтэй байсан юм. Тийм учраас тэр бүгдийг нэгтгэж “Төр, засгийн ажилтанд тусламж“ сэтгүүл нийтлүүлээд “Төрийн мэдээлэл“ сэтгүүлийг дагуулж тарааж түгээх нь илүү ашигтай, үр дүнтэй болох байлаа. Энэ санаагаа Улсын Их Хурлын дарга, удирдлагуудад танилцууллаа. Тэд талархан дэмжсэн. Ялангуяа Улсын Их Хурлын дэд дарга Ж.Гомбожав ихэд хөхүүлэн дэмжиж тусалсан билээ.

“Төрийн мэдээлэл“ сэтгүүл нь захиалгынхаа орлогоор хэвлэлийнхээ зардлыг нөхөж ашигтай ажилладаг сэтгүүл байсан юм. “Төр, засгийн ажилтанд тусламж“ сэтгүүл мөн адил. Хамгийн гол нь бүх шатны Засаг дарга нар, иргэдийн Хурлын Төлөөлөгчид бэлээхэн гарын авлагатай болсон билээ. Идэвхтэн сонгуультнууд ихэд талархан угтсаныг мартаагүй байна.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн албаны дарга нэгдсэн чуулган болоод Байнгын хороодын хуралд байнга сууна. Хаалттай хуралдаанд ч ялгаагүй. Тэгж байж сурталчилгааны ажлын зөв чиг гольдролыг олж авдаг байв. Зохиолч, сэтгүүлч мэргэжил маань дотроос хатгаад зүгээр суулгахгүй. Тийм болохоор би хэвлэлүүдэд, ялангуяа “Ардын эрх“, “Засгийн газрын мэдээ“ сонинд байнга бичдэг байв. Энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлан таниулахад миний биечлэн оруулж байсан хувь нэмэр юм. Олон арван гишүүнээс ярилцлага авч янз бүрийн сонинд нийтлүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн цуврал хөрөг, таталбар бүтээж “Засгийн газрын мэдээ“ сонинд цувруулан гаргаж билээ. Энэ бүгдийгээ нэгтгээд “Төрийн түшээ гэж хэн бэ? хэмээх хорин хэвлэлийн хуудас ном гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газар 1996 онд 76 гишүүндээ дурсгасан юмдаг. Энэ бол парламентын сэтгүүл зүйг Монголд хөгжүүлэхэд миний оруулсан өчүүхэн хувь нэмэр юм. УИХын гишүүнээр олон жил сонгогдож ажилласан, одоо Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргааар ажиллаж байгаа Ц.Шаравдорж номын хорхойтой, оюуны соёлыг ихэд эрхэмлэн хүндэтгэдэг гэгээлэг хүн болохоор Монголд байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Төрийн түшээ гэж хэ бэ?“ номыг хоёр дахь удаагаа хэвлүүлж, өөрөө үг бичсэнд машид талархаж явдгаа энэ завшааныг ашиглан илэрхийлье.

Дөрвөн жил тасралтгүй хуралдана гэдэг үнэхээр бэрх юм билээ. Олон гишүүний даралт ихсэж, заримынх нь суудлын өвчин сэдэрч байсан. Ядаж тэр үед Улсын Их Хурал долоо хоногт дөрвөөс таван өдөр нэгдсэн чуулган хийдэг байв. Үндсэн хууль, түүний хавсралт хуулиар хүлээлгэсэн үүргийг яаравчлан биелүүлж Монгол Улсын бүх хууль тогтоомжийг түүнд нийцүүлэн шинэчилж гаргах эрхэм хариуцлагатай үүрэг 1992-1996 оны Улсын Их Хуралд оногдсон юм. Оройн арав, арван нэг, арван хоёр цаг хүртэл хуралддагсан. Гишүүд нь ч дуулгавартай, чих зөөлөн байсан бололтой. Улайм цайм хуралдаан тасладаг гишүүн нэг их олон байгаагүй шүү. Үүрэг, хариуцлагаа сайтар ухамсарлаж байсан хэрэг.

Улсын Их Хурлын гадаад харилцаа 1992-1996 онд ихэд өргөжин тэлснийг онцлон тэмдэглэх ёстой болов уу. Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар Алтангэрэл ажилладаг байв. Маш идэвхтэй, санаачилгатай эр. Улсын Их Хурлын даргын айлчлалыг ОХУ, БНХАУ, Турк, Казахстан, Австри зэрэг олон оронд амжиллттай зохион байгуулсан. Цөөнгүй баримт бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагааг цоо шинээр эхлүүлсэн юм. Олон орны парламентын төлөөлөгчид Улсын Их Хурлын зочноор Монголд айлчилсан. Эдгээрийг сурталчлан таниулах ажлыг Хэвлэл, мэдээллийн алба гардан зохион байгуулдаг байлаа. Н.Багабанди даргын цөөнгүй гадаад айлчлалд бид дагалдаж явсан билээ.

Улсын Их Хурлын гадаад харилцаа өргөжиж англи зэрэг түгээмэл хэл дээрх сурталчилгааны материал үгүйлэгдэх болов. “Улсын Их Хурал“ гэсэн гэрэл зургийн цомог бүтээхээр ажиллалаа. Түүнийгээ БНСУ-д хэвлүүлэхээр Сөүл дэх Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвт хандав. Өөрөө аваад ир. Хэвлүүлэхийг нь би хөөцөлдөж өгье гэж билээ. Уг альбомыг хэвлүүлэх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Гомбожав их тус хүргэсэн. Гадаадын Улаанбаатар дахь нэг сангаас арван мянган ам.долларын буцалтгүй тусламж олж өгсөн. Түүгээр нь “Улсын Их Хурал“ гэсэн англи тайлбар бүхий анхны альбомыг Сөүл хотноо хэвлүүлж билээ. П.Үржинлхүндэв сайд үнэхээр сэтгэл гаргаж тусласан. Зардал мөнгөний хүрэлцээгүйгээс болоод цомог хэвлэгдэх үед нь ахиж очиж чадаагүй юм. Тайлбаруудыг зургийн дор нь биш зургууд дээр нь шууд хэвлэчихсэн байж билээ. Түүнийг П.Үржинлхүндэв сайд анзаарсангүй. Одоо эргээд харахад өөлөхөөр ч юм бас бий. Тэгэхдээ яах ч аргагүй анхны цомог. Монголын парламентын түүхэнд хэрэгтэй л зүйл болсон.

Улсын Их Хуралд ажилласан дөрвөн жил харвасан сум шиг түргэн өнгөрч нэг мэдэхэд 1996 он гарчихсан байв. Ээлжит сонгууль хаяанд тулаад ирчихжээ. Нэг өдөр МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирал Б.Пүрэвдаш миний өрөөнд орж ирлээ.

– Би дөнгөж сая Ерөнхий сайд П.Жасрай гуайтай уулзаж чамайг орлогчоороо авахаар яриад тохирчихлоо, явнаа хө хамт ажиллана гэв.

– Намайг чинь Улсын Их Хурлын дарга мэддэг юм шүү дээ гэвэл тэрбээр Н.Багабанди зөвшөөрч байгаа гэж ханхалзав. Нээрээ юу, чи өөрөө асуусан юм уу гэвэл асуусан л гэж байна. Улсын Их Хурлын дарга зөвшөөрч байгаа бол би юу хэлэх вэ дээ. Захирагдаж л таарна шүү дээ гэв. Гэхдээ сэтгэл доторх эргэлзээ арилаагүй байв. Сонин юм даа гэж бодоод Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж учир байдлыг асуув. Н.Ринчиндорж дарга Б.Пүрэвдаш дөнгөж сая л Улсын Их Хурлын дарга руу орж явах чинь билээ. Юу хэлэхийг нь хүлээе. Уг нь унаа унаштай, бие даасан ажил байж мэднэ шүү гэв. Сүүлд сонсвол Б.Пүрэвдаш Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргын нэрийг барьж намайг эхлэн зөвшөөрүүлээд дараа нь дарга нартай уулзаж “Баасансүрэн өөрөө зөвшөөрч байгаа юм“ хэмээн хөөцөлдсөн байдаг юм. Ингэж би МОНЦАМЭ агентлагтаа орлогч даргаар эргэж ирэв. Нэг их удаагүй. Хагас жил хэртэй л болсон болов уу. 1996 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүн хувь заяаны цаашдын чиглэлийг өөрчилж Намын Удирдах Зөвлөлд ажиллах болсон билээ.

Намар орой Улсын Их Хурлын Тамгын газрын шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга  Л.Цог намайг дуудаж уулзав. Таныг чинь Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн албаны даргаас чөлөөлөөгүй байсан юм байна. Одоо чөлөөлье, та зөвшөөрч байна уу гээд “Улсын Их Хурал” гэсэн бичигтэй дурсгалын бугуйн цаг бэлэглэж билээ.

Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …