Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо.
Монгол Улс 1956 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн боомттой төмөр замаар холбогдож байсан бол 60 гаруй жилийн дараа хоёр улсын хооронд төмөр замын дахин нэг шинэ гарц бий болох эхлэл тавигдаж байна. Энэхүү Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нь 415 км урт, бүтээн байгуулалтын ажил Бичигт хилийн боомтын төмөр замаас эхэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зүүн босоо чиглэлийн Үндэсний төмөр замын сүлжээ нь Бичигт-Зүүнхатавч боомтоор дамжиж, Монголын төдийгүй Оросын Алс Дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам байхаараа стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Нэг үгээр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг нь Бичигт юм. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, Бичигт боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэгдэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.
Далайд гарцгүй манай улсын хуурай замын 42 боомтоос өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд гэсэн гуравхан боомт л төмөр замаар холбогдож, зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж байгаа өнөөдрийн нөхцөл байдал бүрэн өөрчлөгдөж, Монгол Улс экспортын 5 гарцтай болж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварын үзүүлэлт хоёр дахин нэмэгдэнэ” гэлээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 3-р сарын 16-ны өдрийн 116-р тогтоолоор Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компани байгуулж энэ компанид хөрөнгө оруулж ажиллах гадаад, дотоодын хуулийн этгээдийг сонгон хамтран ажиллахаар тусгасан.
Үүний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлнэ. Япон Улсын “Nippon koei” компани техникийн зөвлөхөөр сонгогдож Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, техникийн зураг төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн зорилтын хүрээнд зөвхөн боомтуудыг дэд бүтцээр холбох биш, цогцоор нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, боомт түшиглэсэн дагуул хотуудыг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн боомтыг олон улсын жишигт нийцсэн Монгол Улсын загвар боомт болгохоор төлөвлөж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг 2 жилийн дотор дуусгахаар зорьж байна. Харин төмөр замын ажлыг 3-5 жилийн дотор гүйцэтгэх юм.
Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь Зүүн бүс нутагт боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, хот бий болох суурь нөхцөлийг бүрдүүлж, 800 орчим ажлын байр шинээр бий болж, жилд ойролцоогоор 12 сая тонн дотоодын ачаа тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна эрчим хүч, аж үйлдвэрийн парк, аялал жуулчлал, худалдааны салбарын бүс нутгийн хамтын ажиллагаа идэвхжиж, зүүн бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавина.” гэж онцоллоо.
Бичигт боомтыг одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны 7-р сарын 2-ны өдөр анх нээж байсан бол өнөөдөр ийнхүү 30 жилийн дараа боомтыг олон улсын жишигт хүргэх, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд төмөр зам тавих их бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.