Лхагвасүрэнгийн ХАСАР
(1978-2022)
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар 2022 оны долдугаар сарын 04-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.
Нэрт яруу найрагч Л.Хасар 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа эцэг эхийн хайр, халамжинд хүмүүжиж, 1985-1993 онд нийслэлийн 16 дугаар дунд сургуульд суралцан төгсөж, Дүрслэх урлагийн дунд сургууль, БНХАУ-ын Бээжин хотод хэлний бэлтгэл, Монгол Улсын Их Сургуулийн математик, программ хангамжийн сургууль, Франц Улсын Лимузин мужийн их сургуулийн Хүмүүнлэгийн факультетын франц хэлний ангид суралцаж, “Өлзий” дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн юм.
Ажил хөдөлмөрийн гараагаа “Ил товчоо” сониноос эхэлж, улмаар 1999- 2009 онд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зураач, утга зохиолын ажилтан байхдаа “Тэнгэрийн дүлий”, “Алтан алим”, “Манжин”, “Хөхөө Намжил”, “Хар хул хаан” тэргүүт хүүхдийн олон жүжиг туурвиж, “Цагаан үнэг”, “Тэнгэрийн дүлий” тэргүүт жүжгийн ерөнхий зураачаар ажиллаж, В.Хауфын “Том хамарт одой”, Ж.Дашдондогийн “Алтан хөрш”, С.Маршакийн “12 сар”, монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Болдоггүй бор өвгөн” тэргүүт жүжгийн тайзны зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч байлаа.
Тэрбээр Монголын Зохиолчдын Эвлэлийн ууган хэвлэл “Цог” сэтгүүлийн ерөнхий редактор, хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж, Монголын яруу найргийн шинэ үеийн түүхэнд сор болсон бүтээлүүдээ туурвиж, ахмад үеэ хүндэтгэн, залуу үеэ сурган хүмүүжүүлж, ахан дүүс, анд нөхөд, бичгийн садан төрөлдөө нөмөр нөөлөг, түшиг тулгуур болж амьдарсан юм.
Түүний туурвисан “Зүг чиггүй гурвалжин” яруу найргийн ном нь шинэ үеийн яруу найргийн өв санд хувь нэмрээ оруулж, шүлэг, бүтээлүүд нь англи, орос, хятад, солонгос хэл дээр хэвлэгдэж, “Монголын сонгомол яруу найраг”, “Мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын яруу найргийн 108 боть”, “Монголын зохиолчдын намтрын лавлах”, “Монголын уран зохиолын дээжис” зэрэг 10 гаруй антологи, эмхэтгэлд багтжээ.
Яруу найрагч Л.Хасар Франц улсад олон жил эмчлүүлж, ажиллаж, амьдарч ахуйдаа монгол түмний түүх соёлыг судлан дэлгэрүүлэх, эх орноо сурталчлах, Монголын уран зохиолыг таниулах үйлсэд идэвхийлэн зүтгэсэн.
Тэрбээр амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд Монголын Радиогийн Урлаг, соёлын албаны даргаар үр бүтээлтэй ажиллаж, уншигч, сонсогчдыг үндэсний уран зохиолын болон дэлхийн уран зохиолын өв, сантай танилцуулах, хүүхэд залууст урлагийн боловсрол олгох үйлсэд шамдаж байлаа.
Яруу найрагч Л.Хасар нь 2004 онд шилдэг залуу уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, 2009 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртэж, “Болор цом” наадамд түрүүлж, уран зохиолын ертөнцөд уншигч, зохиолчдын хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн юм.
Эрхэм яруу найрагчийн даруу төлөв, үнэнч шударга зан, халуун элгэмсэг, уян зөөлөн сэтгэл, итгэл найдвар, урам зориг хайрласан дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшиж, шүлэг найраг нь үеийн үед уншигдах болно.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
“ЦОГ” СЭТГҮҮЛ,
“УТГА ЗОХИОЛ, УРЛАГ” СОНИН