Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.07.06) хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн төслийн талаарх төсөл санаачлагчийн танилцуулгыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хийв. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн 2 дугаар үе шатыг Азийн хөгжлийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн 2 дугаар үе шатны хүрээнд баруун бүс нутагт орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Азийн хөгжлийн банктай байгуулах Зээлийн хэлэлцээр нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу гадаад улсын болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай хэмээн танилцууллаа.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, С.Чинзориг, Х.Ганхуяг, Д.Батлут, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн олонх зээл заавал авах шаардлагатай эсэх, мөн зээлийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалт үр дүнгээ өгөх ямар тооцоо, төлөвлөлт хийсэн талаар тодруулав. Гишүүдийн асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зээлийн хөрөнгөөр Увс, Ховд аймагт хоёр аялал жуулчлалын цогцолбор, жуулчны гудамж байгуулах, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт аялал жуулчлалын гол цэгүүдэд ариун цэврийг сайжруулах, аялал жуулчлалын жижиг байгууламжуудыг барьж байгуулах талаар хариуллаа.
Төсөл санаачлагчийн хариулттай холбогдуулан гишүүд нэмж тодруулахдаа эдгээр бүтээн байгуулалтыг зээл авч, хийх шаардлагагүй, энд тэнд байшин барилаа гээд аялал жуулчлал хөгжихгүй, гадаад өрийг нэмэгдүүлж, зайлшгүй шаардлагаар авах зээл биш зэрэг санал хэлэв.
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Байнгын хороо шаардлагагүй зээл гэж үзэж буй учир 03 дугаар сараас хойш хэлэлцэхгүй хойшлуулсан. Гэвч Сангийн яам урьдчилаад тохирчихсон, тохирсноосоо буцахгүй гэдэг тайлбар өгдөг талаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Гишүүдийн гаргаж буй саналтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ зээлийн зориулалтыг өөрчлөх тал дээр ажлаа аваад Азийн хөгжлийн банктай уулзсан. Зээлийг нэгэнт батлагдсан дагуу буюу тохирсноороо хэрэгжүүлнэ. Үгүй бол буцааж татагдах асуудал үүсэх талаар тайлбарлав. Энэ үеэр мөн Сангийн сайд Б.Жавхлан зээлийн хэлэлцээрийн төслийн процессийн талаарх тайлбар, мэдээллийг гишүүдэд өглөө.
Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Д.Батлут, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв.