Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баярын амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Улмаар гал түймрийн утаажилтын бүсээс 43 иргэнийг гарган, 13 иргэнийг ослоос аварч, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 13 тэрбум 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Голын усанд осолдсон зургаа /том хүн-4, хүүхэд-2/, зам тээврийн ослоор амь насаа алдсан хоёр буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/-ийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор гэр, майхан, асарт үйлчилгээ эрхэлсэн 341 аж ахуй нэгжид үзлэг, шалгалтыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 260 зөрчил илрүүлэн, 149 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 199 зөрчилд мэдэгдэл, 1016 иргэн, аж ахуй нэгжид заавар, зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа. Мөн болзошгүй гал түймэр, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэсэн.
Голын усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамж гарсан юм. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт долоон маршрутаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ нийт 26.055 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 1478 автомашиныг эргээс холдуулсан.
Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд гол, усны осолд өртөж болзошгүй таван иргэний амийг авран хамгаалж, голын усанд суусан хоёр автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.