Монголын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч “Барс Моторс” компанийнхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд баяр наадмыг тохиолдуулан шинэ загварын автомашин болох “MOZO-X”-ийг үйлдвэрээс гаргаж буйгаа дуулгасан юм.
“ЗИЛ-169” автомашиныг орлохуйц илүү бат бөх чанартай, туулах чадвар сайтай “MOZO-X” автомашиныг энэ хагас сайн өдөр олон нийтэд танилцуулна.
Орчин үеийн ая тухыг хангасан монгол орны эрс тэс уур амьсгалд тохируулан бүтээсэн “MOZO-X” автомашиныг захиалахад хоёр долоо хоногт таны гар дээр хүргэх болно” хэмээн “Барс моторс” компанийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлдорж онцлов.
Тэрээр ярихдаа, “Хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх үйлсэд манай хамт олон тодорхой хувь нэмрээ оруулж байна. Хэдэн жилийн өмнө машин бүтээнэ хэмээн ярихад хүмүүс намайг шоолонгуй хүлээн авч байсан. Харин өнөөдөр бид 3 дахь загвараа өлгийдөж аваад байна. “MOZO”-той Монгол 1 аяныхаа хүрээнд ГЕРО хэмээх цахилгаан машинаа бүтээж олон нийтэд танилцуулж байсан.
Харин “MOZO”-той Монгол 2 аяныхаа хүрээнд монгол хүний ур ухаан, судалгаа шинжилгээ, туршилт гээд нөр их хөдөлмөр шингэсэн MOZO-X” автомашиныг бүтээлээ.
Шинэ загварын автомашин болох “MOZO-X” нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгснөөрөө давуу талтай. 100 километрт 6-8 литрийн бензин зарцуулалттай. Хотын хөдөлгөөнд цахилгаан мотороороо 100 хувь явах бөгөөд бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажиллана.
Бүх эд ангидаа баталгаа өгч байгаа монгол дахь цорын ганц машин гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Засвар үйлчилгээ үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн. Монгол орны ямар ч хүнд хэцүү замыг туулахад зохицсон унаа юм.
Бид дугуй, үндсэн рам, жолооны хүрдний систем, батерей гээд таван үндсэн элементийг гаднаас авч байгаа. Хянах камер, хянах самбар, шил, машины хажуугийн шанаа, суудлыг дотоодын компаниудаар хийлгэж байна. Машины суудлын доторхийг хонины ноосоор хийж байгаа. Мөн агаар шүүгчийг хонины ноос ашиглан хийлгэж байна гээд дотоодын үйлдвэрүүд бидэнтэй зэрэгцэн хөгжиж байна” гэлээ.
Хүнд үйлвэрийн салбарт шан татаж буй тус компанийн хамт олон ирэх 11 дүгээр сард 4 дэх загварын автомашин болох “ MOZO EVision ” загварыг олон нийтэд танилцуулах юм байна.