Монголд анх удаа бензин болон цахилгаан хос хөдөлгүүртэй “MOZO X” автомашиныг “Барс моторс” компани Бямба гарагт буюу ХОЁР хоногийн дараа хэрэглэгчдэд танилцуулахад бэлэн болжээ.
“MOZO X” нь Мицубиши мотортой, 100 км-т 6 литр бензин зарцуулдаг ба бартаат замд тун тохиромжтой.
“MOZO X” машины тестийг Дарханы зам дээр хийж, туршсан байна. Энэхүү автомашин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгчээ.
Хотын хөдөлгөөнд цахилгаан мотороор 100 хувь явах бөгөөд харин бартаат замд бензин хөдөлгүүрээр явах давуу талтай.
“Барс Моторс” компани анхны автомашин болох MOZO-г гурван жилийн өмнө Монгол Улсад танилцуулж байсан бөгөөд, уг машины эхний худалдан авагч нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба юм.
Энэхүү машиныг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн зах зээлд борлуулж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 20 MOZO автомашинаар манай улсын бартаат замаар аялж, туршигдсан билээ.
Мөн тус авто машин үйлдвэрлэгч компани нь Өмнөд Солонгосын зах зээлд MOZO EVision автомашинаа нэвтрүүлэх чиглэлээр “Инчён Интэрншл” Өмнөд Солонгосын компанийн мэргэжилтнүүдээс зөвлөх үйлчилгээ авч ажиллаад, дуусаж байгаа юм байна.
Үүнээс гадна Инчён нисэх онгоцны буудалд MOZO TRAVEL Café нээх гэж байгаа бөгөөд үүгээрээ дамжуулан хилийн чанад өөрийнхөө бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах мөн Монголын аялал жуулчлалыг сурталчлан таниулах боломж нээгдэж байгаагаараа давуу талтай юм.
Цаашдаа MOZO TRAVEL Café нь ирэх 2023 онд Европ болон Азийн хоёр том нисэх онгоцны буудалд салбараа нээх зорилготой ажиллаж байна. Инчён интернэйшнл эйрпорт олон улсын нисэх буудал нь өнөөгийн байдлаар өдөртөө 50 мянган хүн дамжин өнгөрч, үйлчлүүлж байгаа юм.
“Барс Моторс” компанийн хувьд машинууддаа 5 жилийн баталгаа өгөх юм. Түүнчлэн одоо барьж буй машинаа өөрчлөх сонирхолтой жолооч нарт зориулж зөрүүгээ төлөөд МOZO Х машинаар солих боломжийг худалдан авагчдад олгож байгаагаараа давуу талтай.
Харин MOZO EVision автомашиныг 11 сард танилцуулах юм байна. Ийнхүү Монгол Улсын хүнд аж үйлдвэр, тэр дундаа авто тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт маш том үүд хаалга нээгдэж байна.