2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийслэл дэх ажлын хэсэг хуралдаж, түрээслэх, худалдан авах цэцэрлэгийн барилга, объектуудын талаар хэлэлцлээ.
Хотын удирдлагууд есдүгээр сараас эхлэн хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэл Улаанбаатар хотын зүгээс бүх боломжоор ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийслэлд мөн Ажлын хэсэг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад үр дүнг танилцуулахаар Ажлын хэсгийн хурлыг хийж байна. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Үүний улмаас хамран суралцах асуудал их хөндөгдөж байна. Л.Энх-Амгалан сайд манлайлж, нийслэлийн зүгээс миний бие түрээслэх, худалдан авах объектийг судалж байгаа.
Энэ жилийн хувьд цэцэрлэгийн зориулалттай барилга объект худалдан авах болон түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулахаар болж байна. Үлдсэн хүүхдүүдийг гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах гэх мэт шийдлүүдийг эрэлхийлж байгаа. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сараас хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэлийн зүгээс бүх боломжоор хангахаар ажиллаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт ажилласан. Энэ долоо хоногт бусад дүүргүүдэд хуваарь гарган ажиллана. Цэцэрлэгийн зориулалттай 14 объект худалдаж авах төлөвлөгөө гарсан. Үлдсэн объектийг түрээсэлнэ.
Мянган хүнтэй орон сууцны хорооллын нэг айлд нэг бага насны хүүхэд байна гэж тооцоход 200 хүүхдийн цэцэрлэгийг заавал барьж байгуулах норм, стандарт бий. Барилгын компаниуд тодорхой норм, стандартын дагуу зургаа батлуулж, ажил болгодоггүй олон жишээ байна. Иймд хотын зүгээс норм стандартад өөрчлөлт оруулах, хангуулах, цэцэрлэггүй орон сууцны хорооллыг Улсын комисс хүлээж авахгүй байх хатуу шаардлага тавина. Нийгмийн хариуцлагын хүрээнд барилгын компаниуд хариуцлагатай байж, нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхдүүд, иргэдийнхээ төлөө норм журмыг мөрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээн өгүүллээ.