Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т ажиллаж, жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг хэлэлцлээ.
Мөн энэ хүрээнд нийслэлийн удирдлагууд, харьяа байгууллагууд хамтран ажиллах арга замууд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах үйл ажиллагаа зэрэг асуудлын талаар ярилцсан юм. Уулзалтын үр дүнд нийслэлийн худалдан авах ажиллагаанд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүний эзлэх хувийг тогтмол гаргаж, аж ахуйн нэгжүүдэд тайлагнахаар болжээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар хотын эдийн засгийн дийлэнх хувийг үйлдвэрлэл биш, худалдаа давамгайлж байна. Шинээр бизнес эрхэлж буй залуусын дийлэнх нь борлуулалт хийх бодолтой байна. Мөн төрийн зүгээс үйлдвэрлэгчдийг дэмжиж байна гээд зөвхөн нэг агентлаг, яамд үүрэг өгч, биелэлт нэхэхээс илүүтэй иргэдэд үйлдвэрлэгч сэтгэхүй бий болгох нь чухал. Төрийн бүх байгууллагын бодлогод энэ талаар тусгах хэрэгтэй. Манайд импортоор бараа оруулж ирэх, тодорхой хэмжээний үнэ нэмж, худалдах хялбар схем явж байна. Түүнчлэн тодорхой хаалт тавиад үндэсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авалтыг зогсоож байна. Тухайлбал, эрүүл мэндийн хамгаалалтын хэрэгслүүдэд тавьсан стандартын улмаас дотоодын үйлдвэрлэгчдийг зогсоож, гаднаас бүтээгдэхүүн худалдан авахад хүрсэн. Мөн түлшний уутны олон тэрбум төгрөгийн оёдлын зардлыг БНХАУ-ын үйлдвэр лүү явуулж байна.
Төрийн худалдан авалтын тухай хуулийн заалт ч үйлдвэрлэл эрхлэгчдэд хязгаарлалт болж, аж ахуйн нэгжийн орлого олох боломжийг хааж байна. Иймд төрийн байгууллагуудын худалдан авалт, үйл ажиллагаа бүрд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хэлбэрийг шингээж, түүнийгээ тайлагнадаг болгох хэрэгтэй. Тухайн тайланг аж ахуйн нэгжийн төлөөлөлд эргэн тайлагнах тогтолцоог бий болгох, үндсийг тавихаар хэлэлцсэнээрээ үр дүнтэй уулзалт боллоо” хэмээв.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Өнөөдрийн хэлэлцүүлгээр хүнсний хангамж нөөцийг Улаанбаатар хотын хэмжээнд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хэрхэн бүрдүүлж болох вэ гэдгийг хэлэлцэж, нийслэлээс юуг анхаарч, хэрхэн дэмжих вэ гэдгийг ярилцсан. Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 95 хувь нь цар тахлын шууд нөлөөнд өртсөн.
Энэ хүндрэлийг даван туулах, санхүүгийн дэмжлэгийг зөв хүртээмжтэй хүргэх шийдлүүдийг хэлэлцсэн. Түүнчлэн төрийн худалдан авалтад жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хамруулах, зөв уялдаа холбоог хангах тал дээр шийдлүүдийг гаргасан.
Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс төрийн худалдан авалт хийе гэсэн шийдэлд хүрлээ. Зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн чанаргүй, үнэтэй, түүхий эдийн нөөц бололцоо дутмаг гэсэн дүгнэлт гарсан. Иймд жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн сургалт, хөгжүүлэлтэд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах шийдлүүдийг хэлэлцсэн.
Төрийн худалдан авалт буюу нийслэлийн худалдан авах ажиллагааны жагсаалтыг гаргаж жилийн эцэст нийслэлийн худалдан авах ажиллагааны хэдэн хувийг жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн эзэлж байна вэ гэдэг тайланг гаргахаар боллоо” хэмээн өгүүллээ.