Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Ургац хураалтын ажилд шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.
Энэ онд улсын хэмжээнд 368.4 мянган га-д үр тариа, 19.7 мянган га-д төмс, 10.9 мянган га-д хүнсний ногоо, 51.2 мянган га-д малын тэжээл, 116 мянган га-д тосны ургамал, нийт 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна.
Манай улс жилд газар тариалангийн үйлдвэрлэлд 23-25 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Одоогоор уриншийн нэгдүгээр боловсруулалтын ажлыг хийж дууссан.
Уриншийн хоёрдугаар боловсруулалт, ургац хураалтын ажилд нийт 10 мянган тонн дизель түлш шаардлагатай байна. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын эхэн үед буюу 05 дугаар сарын 04-ний өдөр 3380 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 4030 төгрөгийн үнэтэй болж, хаврын тариалалтын үеэс 19.2 хувь нэмэгдэж газар тариалангийн үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж болзошгүй байна.
ОХУ, Украин улсын хооронд болж буй дайны хямрал, “КОВИД-19” цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд орж, экспортын бүтээгдэхүүндээ хилийн хориг тавьж, зарим улс хүнсний бүтээгдэхүүн ялангуяа, улаанбуудайн дутагдалд орж дэлхийн зах зээлд үнэ нь өндөр байгаа энэ хүнд цаг үед бид эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, үнийн өсөлтийг хязгаарлах, тогтвортой байдлыг бий болгох шаардлагатай байгаа юм.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, газар тариалангийн бүтээгдэхүүнийг үнийн хэт өсөлтөөс сэргийлэхийн тулд шатахууны үнийг хаврын тариалалтын үеийн шатахууны үнэтэй ижил төвшинд байлгах арга хэмжээг авч байна.
Ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүү болох 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамтай тохиролцсоны дагуу Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.