Дэлхийг хамарсан цар тахал, улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн онцгой цаг үед нярай, нялхсыг эхийн сүүгээр хооллох нь хүүхэд эрүүл саруул, эсэн мэнд амьдрах чухал ач холбогдолтой юм. Нярай хүүхдэд эхийн сүү нь хамгийн тохирсон хоол тэжээл учир эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай төдийгүй хүүхдийн амьдралд хамгийн сайн эхлэл болдог. Эхийн сүүгээр хооллох нь нялх, балчир насны хүүхдэд тохирсон, аюулгүй, шим тэжээлтэй, хүртээмжтэй хоол хүнс бөгөөд халдварт болон халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн дутал, эндэгдлээс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм.
Харамсалтай нь сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь Монгол Улсад буурсаар байгаа ба өдгөө хоёр эхийн нэг нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна. Мөн эхчүүдийн 47.3 хувь нь хүүхдээ 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллодог. Эхийн сүүгээр хүүхдээ хооллох үзүүлэлт манай улсад буурч байгаа нь өөр хоорондоо уялдаатай олон шалтгаантай. Амьдрал, амьжиргаагаа залгуулахын тулд эхчүүд хүүхдээ төрүүлмэгцээ ажилдаа эргэн орох шаардлагатай болдог. Гэтэл төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбарт эх хүүхдээ хөхүүлэх, хөхний сүүгээ сааж хадгалах зориулалтын тусгай өрөө тасалгаатай байгууллага хангалтгүй байгаа нь үр хүүхдийнхээ эрүүл, эсэн мэнд амьдрахуйн эхлэл, сонголттой байх хүний эрх хэрэгжихгүй байгааг илтгэнэ. Нөгөө талаас хүүхдээ хөхүүлэх боломжгүйгээс сүүн тэжээлээр хооллодог эхчүүд цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүйгээс хүүхдийн сүүн тэжээлийг найруулан бэлдэхэд бэрхшээлтэй тулгардаг.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийн хүрээнд эхийн сүүгээр хооллохын ач холбогдлыг уламжлалт ёсоор таниулан сурталчилж байна. Цаашлаад эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих, таниулах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна. Үүнд:
- Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хөтөлбөрийг эрүүл мэнд, хоол тэжээлийн нэн шаардлагатай багц арга хэмжээний нэг хэсэг болгох
- Хүнсний аюулгүй байдал доголдсон онцгой нөхцөлд байгаа хүүхэд, эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг бодлого, хариу арга хэмжээний тэргүүн чиглэл болгох
- Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх. Ажил эрхэлж буй эхчүүдэд 18 долоо хоногоос доошгүй хугацаатай цалинтай амралт олгох.
- Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэгчид, худалдан борлуулагчдын сурталчилгааны нөлөөллөөс хамгаалан, зөв мэдээлэл, мэдлэгтэй болгох.
- Эхчүүдэд чанартай зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын ур чадварыг сайжруулах зэрэг орно.
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног – 2022