Шинээр авто зам тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурна

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар энэ онд гол болон туслах 14 гудамж, замыг шинэчлэн засварлахаар баталсан. Мөн 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд авто зам болон замын байгууламж, гүүр, явган хүний болон дугуйн зам шинээр тавихаар төлөвлөсөн ч есөн байршлын ажил төсвийн тодотголоор хасагдсан.

Эдгээр зам засвар, шинэчлэлийн ажил болон шинээр авто зам, замын байгууламж барих ажлын үйл явц өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгааг нэгтгэн хүргэж байна.

ДОЛООН БАЙРШЛЫН ЗАМ ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ БҮРЭН ДУУСЛАА

Засвар, шинэчлэл хийхээр болсон гол болон туслах 14 гудамж, замаас долоон байршил дахь засвар, шинэчлэл бүрэн дуусаж, дөрвөн байршилд уг ажил үргэлжилж байна. Нэг байршил буюу Усны гудамж дахь засварын ажил тендер шалгаруулах шатандаа байгаа бол Намъянжугийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж буй юм. Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм.

Дээрх замуудад сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан байна. Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тухайн замуудад цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж байгаа юм.

Замын засвар, шинэчлэлийн ажил хийгдэж дууссан долоон байршил:

  1. С.Чоймболын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
  2. Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Чингисийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл
  3. Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл
  4. Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл
  5. Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл
  6. Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл
  7. Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл гэсэн зургаан байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын ажил бүрэн дуусаад байна.

Хучилтын ажил бүрэн дуусаж, явган хүний зам засаж буй хоёр байршил:

  1. Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэл
  2. Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл

Хэсэгчлэн хааж, хучилт хийж буй байршил:

  • Амарсанаагийн гудамж буюу “Макс молл” их дэлгүүрийн баруун уулзвараас Ахуй үйлчилгээний уулзвар хүртэл

Замын суурь сольж, хуучин чулуун хашлага суулгаж, хучилт хийхэд бэлтгэж буй байршил:

  • Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн зам

Гүйцэтгэгчийн тендер шалгаруулж буй байршил:

  • Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл

13 БАЙРШИЛД ШИНЭЭР АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ БАРИНА

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 ам метр явган хүний зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Тэдгээр авто замыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарчээ. Тус 22 байршлаас ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13 байршилд ажил үргэлжлэхээр болсон юм. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж, тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан алдааг давтахгүйн тулд бэлтгэл ажлыг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгажээ.

Шинээр авто зам болон замын байгууламж, гүүр барих, явган хүний болон дугуйн зам тавих ажил дараах үйл явцтай байна.

Зам барилгын ажил эхэлсэн:

  1. Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэл 0.86 км авто зам тавих ажлын хүрээнд зорчих хэсэгт хучилт, хэвтээ тэмдэглэгээ хийж дуусан, хөдөлгөөнийг нээсэн. Одоогоор гэрэлтүүлгийн шон суурилуулах, явган хүний зам тавих ажил үргэлжилж байна.

Нийт ажлын явц – 80%

  1. Эрчим хүчний гудамжнаас “Монос Фарм Трейд” ХХК хүртэл буюу Таван толгой түлш ХХК-ийн зүүн талаар 1.74 км авто зам тавих ажлын хүрээнд явган хүний замын нөлөөлөлд өртсөн хашааг буулгах, дөрвөлжин хоолой угсрах, далангийн дээд үе болон буталсан чулуун суурь үеийг хийх, ус зайлуулах байгууламж суурилуулах зэрэг ажлууд бүрэн дуусжээ. Явган хүний болон замын хашлага тавих, суурь бэлдэх, авто замын хашлага тавих зэрэг ажил үргэлжилж байна.

Нийт ажлын явц – 65%

  1. Гачууртаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 км авто зам, Улиастай голын дээгүүр 97.3 метр төмөр бетон гүүр барих ажын хүрээнд газар шорооны болон гүүрийн суурийн ажлыг гүйцэтгэж байна. Мөн Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт хучилт хийхэд бэлэн болжээ.

Нийт ажлын явц – 17%

  1. Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу 1.8 км авто зам шинээр тавих болон хуучин замыг шинэчлэх ажлын хүрээнд трассын дагуу тохиромжгүй материалыг зайлуулан, ул хөрс нягтлуулж дуусжээ. Шилжүүлэх шаардлагатай шугам сүлжээ, газар чөлөөлөлтийн судалгаа хийн, замын нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна.

Нийт ажлын явц – Ажлын явц 7%

  1. Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүр барих ажлын хүрээнд гүүрийн суурийг хийж байна.

Нийт ажлын явц – 7%

  1. Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл 4.3 км авто зам тавих ажлын хүрээнд 780 метр гүүр барих юм. Одоогоор гүүр барих ажлын талбай дээр кемп байгуулж байна.

Гэрээ байгуулж буй:

  1. Зайсангийн 218.4 метр урт төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэл
  2. 68 дугаар сургуулийн баруун талаар Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам
  3. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам
  4. Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талд тавих 0.75 км авто зам

Тендер нээх хугацаа болоогүй:

  1. Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй холбох 2.4 км авто зам, ард аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцлол
  2. Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх 8.0 км замын үлдсэн хэсэг болох 5.367 км авто зам
  3. Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох 1.85 км авто зам багтаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …