Ази, Номхон Далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн /АНДМУТБ/ 25 дахь жилийн ээлжит хурал Малайз Улсын Куала Лумпур хотод энэ оны 7 дугаар сарын 24-28-нд болж өнгөрлөө.
Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлөн Монголбанк, СЗХ, НПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулан амжилттай оролцлоо.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, энэ салбарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх зорилгоор ФАТФ-ын Зөвлөмжид өөрчлөлт оруулан, улс орнууд үүнийг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ.
ФАТФ-ын шаардлагыг хангах зорилгоор Монголбанкнаас 2020 оноос эхлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарыг зохицуулах хуулийн төслийг боловсруулах ажлыг санаачлан эхлүүлж, ХЗДХЯ, СЗХ, ТЕГ, ЦЕГ болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагатай хамтран ажилласан юм. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэлэлцэн батлаад буй.
Ийнхүү Монгол Улс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг ФАТФ-ын Зөвлөмжид нийцүүлэн зохицуулсан талаарх ажлын тайлангаа АНДМУТБ-ийн 25 дахь жилийн ээлжит хурлаар амжилттай хамгаалж, Монгол Улсын ФАТФ-ын Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулж “дийлэнхийг хангасан” үнэлгээ авлаа.
Монгол Улс ФАТФ-ын Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн нийт 39 зөвлөмжид “хангалттай” болон “дийлэнхийг хангасан” гэх сайн үнэлгээтэй болж, энэхүү үзүүлэлтээрээ АНДМУТБ-ийн гишүүн улсуудаас хамгийн сайн үзүүлэлттэй 2 дахь улс болоод байна.
Түүнчлэн, Монгол Улсын Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зохицуулах талаар хийсэн ажлын туршлагатай холбоотойгоор АНДМУТБ нь ФАТФ-ын бусад бүс нутаг хариуцсан бүлгүүдээ тэргүүлж байгааг хурлын үеэр цохон тэмдэглэж, Монгол Улсад баяр хүргэв.