Бүгд Найрамдах Индонез Улсын Богор хотод байрлах “Индонезийн Үндэсний Батлан хамгаалах хүчний Энхийг сахиулах сургалтын төв”-д энэ оны 7 дугаар сарын 12-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Garuda Canti Dharma-II” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний зарим бүрэлдэхүүн амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Бүс нутгийн орнуудын цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Даян дэлхийн энхийн санаачилга байгууллага, Бүгд найрамдах Индонез Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулсан сургуульд 30 орны 850 гаруй цэргийн алба хаагч оролцжээ. Уг сургуулийг Штабын сургалт, Чадавхыг хөгжүүлэх сургалт, Салаадын хээрийн сургууль гэсэн 3 үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулсан ажээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энэхүү олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн штабын сургалтад багшаар 4, оролцогчоор 4 цэргийн алба хаагч, чадавхыг хөгжүүлэх сургалтын хүрээнд явагдсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сургалтад 2 цэргийн алба хаагч, салаадын хээрийн сургуульд зөвлөх багшаар 1, хичээлийн цэгийн багшаар 2, мотобуудлагын салааны бүрэлдэхүүнд 30 цэргийн алба хаагч амжилттай оролцсон юм. Тэдгээрээс Монгол Улсын ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Цогтгэрэл төлөвлөлтийн, Материал, техникийн газрын мэргэжилтэн дэд хурандаа М.Пунсалмаа ар талын, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн хошууч Б.Сергей иргэн-цэргийн харилцааны, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн ажиллагааны офицер дэд хурандаа Д.Цолмонбаяр хичээлийн цэгийн багшаар ажилласан нь зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлэлт авсан байна. Мөн штабын сургалтад ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн хошууч О.Гэрэлмаа, Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн нисэхийн ерөнхий инженер хошууч Э.Мөнх-Эрдэнэ, Цэргийн төв эмнэлгийн Яаралтай мэс заслын тасгийн ахлах эмч хошууч С.Сүхбат, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Байлдааны хангалтын офицер ахмад Т.Наранзул нар суралцагчаар оролцсон бөгөөд сургалтын явцад идэвх, санаачилгатай гарган бусад орны офицеруудыг манлайлан оролцсон байна.
Уг сургуулийн хүрээнд салаадын хээрийн сургуулийг явуулсан ба Монгол, Индонез, Тайланд, Бангладеш, Фижи, Шри-Ланка, АНУ, Малайз улсын 8 салааны 206 цэргийн алба хаагч хамрагдаж, зөвлөх багшаар АНУ-аас 3, Бразилаас-2, Монгол, Гана, Серби улсаас тус бүр нэг цэргийн алба хаагч ажилласан юм.
Сургуульд оролцох салааны бүрэлдэхүүнийг “Хааны эрэлд-2022” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцсон туршлагатай цэргийн алба хаагчдаас бүрдүүлсэн ажээ. Тэд Шалган нэвтрүүлэх цэргийн ажиллагаа, цувааны хамгаалалт, явган эргүүл, иргэдийн үймээнийг хянах, бүслэн нэгжих ажиллагаа, баазын харуул хамгаалалт, хүмүүнлэгийн тусламж түгээлт, чухал хүний хамгаалалт, байлдааны талбар дахь эмнэлгийн анхан шатны тусламж, НҮБ-ын хүч хэрэглэх дүрэм болон энгийн иргэдийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхэд хамгааллын хичээлүүдэд онол, дадлагын хэлбэрээр хамрагдсанаар өөрсдийн дадлага, ур чадвараа ахиулж чадлаа гэсэн мэдээг бидэнд ирүүлсэн юм.