Өгий нуурын эрэг орчимд авто зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж зэрэг асуудал тулгамдаж байна

Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар (2022.08.04) Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурт ажиллалаа.

Гишүүдийн зүгээс, Өгийнуурын хувьд ус, хөрсний бохирдол, хар галууны нүүдлээс үүдэлтэй загасны нөөц багасах, нуурын эрэг орчмын авто зогсоол, нийтийн ариун цэврийн байгууламж зэрэг байгаль болон хүний хүчин зүйлээс хамааралтай тулгамдаж байгаа асуудлыг хөндөхийн зэрэгцээ цэнгэг усны сэлгэцийг сайжруулах зорилгоор Орхон голоос эх авсан хиймэл сувгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай талаар тайлбарлаж байв.

Түүнчлэн аймгийн хэмжээнд ойн хортон шавжтай тэмцэх, ой хээрийн тэнцвэрт байдлыг хадгалахад шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах, зөвшөөрөлгүй уул уурхайн лицензүүдэд хяналт, шалгалт хийж тодорхой арга хэмжээг авах, Цэцэрлэг суманд орших Булган уулыг дархан цаазтай газар болгох асуудлыг судалж үзэх талаар онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна” гэж заасан. Иймд Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв, нийслэлийн баримжаатай шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг хүрээнд түүхэн дурсгалт газар, олдвор, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд зам, тээврийн харилцааг түшиглэн түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ асуудлаар, Ус сувгийн удирдах газартай хамтран Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсгийг томилж ажиллахаа мэдэгдэв. Цаашлаад Ажлын хэсгээс Өгийнуурын орчны шинжилгээ судалгаа, лабораторийн дүгнэлтийг гаргуулж, байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан бохирдлын асуудлыг судалж холбогдох шийдвэрүүдийн төслийг боловсруулах, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллахаа илэрхийлсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …