Монголчууд бид хамгийн ховор нандин, нэн чухал зүйлийн тухай ярихдаа “өдрийн од шиг” хэмээн зүйрлэдэг билээ. Тэгвэл энэ удаа бид Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдаасаа өвөрмөц, содон нэртэй алба хаагчдаа онцлон танилцуулж байна.
Ахлахахлагч Г.Шүхэрбаяр нь ОБЕГ ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэнхайх, аврах салбарын аврагчаар ажилладаг юм.
– Таны нэр, мөрөөдөлтэй чинь холбогдсон байна. Бас л сонин тохиол шүү?
Одоогоос 14 жилийн өмнө шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлсэн. Манай аав бас шүхэрчин. Дархан Уул аймгийн “Ноён Хонгор” гэдэг газарт анхны буултаа хийх үеэр нь би төрсөн учраас энэ нэрийг хайрласан юм билээ. Би 05 дугаар сарын 23-нд төрсөн. Энэ өдөр манай гэр бүлийн хувьд гурван баяр тохиодог. Аавын минь болон миний шүхэрчин болсон өдөр.
– Нэртэйгээ холбоотой хөгжилтэй түүхээсээ хуваалцаач?
Шүхрийн курст явж байхад шүхэр, Шүхэрээ хоёр л их андуурагдаж байсан даа. /инээв/
– Таны нэр улсын хэмжээнд ганц юм билээ?
Тийм шүү. Бас л тохиол байгаа биз. Аав, ээжийнхээ хайрласан нэрийг өндөрт өргөж, өргөсөн тангарагаа л үнэнчээр биелүүлэхийн төлөө ажиллаж байгаадаа талархдаг.
– Аврагч хүнд бэлтгэлээ сайн хийхээс гадна сэтгэл зүйн бэлтгэл хамгийн чухал байдаг. Сэтгэл зүй таагүй, хүнд, хэцүү үед шүхрээр бууж байв уу?
-Яг сэтгэл зүй таагүй үед шүхрээр бууж байсангүй. Тийм ч байх ёсгүй. Эсрэгээрээ буулт бүрт догдолж хүлээж байдаг. Харин буултын өмнө сэтгэл зүйгээ засах, тайван байхын тулд аль болох тархиа завгүй байлгаж шоо эвлүүлж, оньсон тоглоом тоглох зэргээр таагүй үеийг давдаг.
– Зөв сонголт байна шүү. Шоо бол яахын аргагүй анхаарал төвлөрүүлдэг
Би 2018 оноос хойш рубик шоо сонирхож байна. Хэдийгээр хичээллэдэг мэргэжлийн хүмүүстэй харьцуулшгүй ч 7х7-той шоог 16 минутад эвлүүлж байна.
-Шүхэрчин хүнээс нэгэн зэрэг олон ур чадвар шаарддаг шүү дээ. Энэ бүхнийг алдаагүй гүйцэтгэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
Бэлтгэл сургууль, дадал гарт орсон байх ёстой. Ямар ч үед алдаагаа хөнгөвчилж суралцах хэрэгтэй. Энэ нь цааш цаашдаа туршлага болдог. Секунд түүгээр ч зогсохгүй дольтой уралдаж авхаалж, самбаа, шийдвэр гаргах чадварт суралцах нь хамгаас чухал болов уу.