БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, БЕГ-ын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир, Боловсролын мэдээллийн технологийн төвийн дарга Ц.Тодгэрэл нар нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэл, хуваарилалт дууссантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байна.
Тодруулбал:
Үндсэн барилга 124244
Түрээсийн байр 14133
Байгууллагын цэцэрлэг 2527 байна.
Нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд:
“E-Mongolia” цахим системээр 111542
Уламжлалт элсэлтээр 1932 нийт 113474 хүүхэд хамрагдав.
Нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байна. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орж, үлдсэн 30 хувь нь үе шаттайгаар ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авах юм.
Нэг айлын хүүхдүүд өөр цэцэрлэгт хуваарилагдсан бол хүүхдээ хамруулах хүсэлтэй байгаа цэцэрлэгт хандан өргөдөл гаргах боломжтой. Цэцэрлэг хооронд шилжилт хийх боломжийг шийдвэрлэх юм. Харин түр оршин суугчдын хүүхдийг хуваарилалтын дараа сул суудал гарсан цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт зохион байгуулах боломжтой. Нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь шатны бүртгэл 9 дүгээр сарын 10-нд зохион байгуулагдана. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой.
Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбогдуулан шилжилт хөдөлгөөн ихэссэн. Тухайлбал, 21-р сургуулийн хамран сургах тойрогт 6 настай 600 орчим хүүхэд байхаар төлөвлөлт хийхэд он гараад 900 орчим хүүхэд болон нэмэгдсэн. 84-р сургуулийн хамран сургах тойрог гэхэд өдөрт 10-15 шилжилт хөдөлгөөн, Монгол 3-р сургуулийн хамран сургах тойрогт 70 гаруй шилжилт хөдөлгөөн хийгдэж байна. Энэ олон шилжилт хөдөлгөөний ард үнэн зөвөөр түр оршин суугчдад асуудал үүсгэж байгаа учир ачаалал өндөртэй хороодод тохируулга хийж, хянаж шалгах ажлыг зохион байгуулж байна.