Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, багш ажилчид аа
Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд багачуудын инээд хөөр, оюутан залуусын хүсэл тэмүүлэл бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн тулгуур багана, оюун ухааны охь ундарга, боловсрол мэдлэгийн алсын хараа юм.
Иймд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлого болоод түүний хэрэгжилт ямагт Улаанбаатар хотын иргэн Таны төлөө, Улаанбаатар хотыг сурч мэдэхээр зорин ирж буй оюутан залуусын төлөө, аав ээжийнхээ гараас эрдмийн өргөө руу чавхдан гүйлдэж буй хүүхэд багачуудын төлөө, иргэн нэг бүрийн төлөө зориулагдах учиртай.
Энэ бол Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх зорилтыг хангах, үр дүнд хүрэх эрхэм зорилгын үндсэн гол чиг шугам, үүрэг хариуцлагын газрын зураг юм.
Улаанбаатар хотын хэмжээнд 2022-2023 онд шилжих хичээлийн шинэ жилээр сургуулийн өмнөх боловсролын 679 байгууллагад 150 мянга гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 290 сургуульд 360 мянга орчим хүүхэд суралцаж байна.
Нийслэлд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, нэг дотуур байр буюу нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд хоёр сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 13 цэцэрлэгийн барилга буюу нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүллээ.
Мөн энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийгдсэн нэг том шинэчлэл бол төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах замаар цэцэрлэгийн бүртгэлийн сугалааг бүрэн халсан явдал юм.
Үүний төлөө Засгийн газар, нийслэлийн удирдлага нэгэн зорилгоор хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрч чадлаа. Энэ бол эцэг эх, хүүхэд багачууд Та бидний нэгэн зорилгот хамтын ажиллагааны үр дүн юм.Эцэст нь, нэгэн зүйлийг онцлон тэмдэглэе.
2022-2023 оны хичээлийн шинэ жил бол бид бүхний хувьд төдийгүй хүүхэд багачууд, оюутан залуус, багш ажилтан ажиллагсад, эцэг эхчүүд хэн бүхний хувьд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хөл хоригдож, сурч боловсрох эрхээ хасуулсан таагүй цаг хугацааны дараах сэтгэлийн, боловсролын эдгэрэл хайсан он жилийн эхлэл юм.
Иймд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, эмч, эмнэлгийн байгууллагын заавар зөвлөгөөг ягштал биелүүлэн суралцахыг Та бүхнээсээ хүсье.
Тэгш, хүртээмжтэй боловсролын төлөөх сайн санаачилга, сайн үр дүн бүхэн Улаанбаатар хотын иргэн нэг бүрт тусыг өгч, гэрлийг түгээх болтугай. Эрдмийг дээдэлж, тэгш боловсролыг баталгаажуулсан Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР