Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ.
Мөн Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг сонсож хэлэлцэв. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 550 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүн дээр он дамжин хийгдэж буй 183 төсөл, арга хэмжээ байгаа юм.
Мөн орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээтэй нийлээд зарласан худалдан авах ажиллагаанууд 42 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээ хийгдсэн 327 ажил байгаа бол, тендерийн материал хүлээн авч байгаа, зураг төсөв ажлын даалгаваргүй, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа шатандаа олон ажил явж байгааг төлөөлөгчид онцолж байлаа.
Худалдан авах ажиллагаа амжилтгүй болсон цөөнгүй ажил байгааг задалбал, 26 төсөл арга хэмжээг 3 удаа зарлаад амжилтгүй болсон Мөн 4 удаа зарлаад амжилтгүй болсон 15 ажил, 5 удаа тендер зарлаад хэрэгжүүлэгч орж ирээгүй 11 байгаа юм. Мөн 12 удаа тендер зарласан боловч сонирхогч аж ахуйн нэгж орж ирээгүй 1 ажил байна. Бараа материалын үнийн өсөлт, хил гаалийн саатал, боловсон хүчний нөөцийн дутагдалтай зэрэг олон асуудал төлөвлөгөөт ажлуудыг саатуулж байгааг тэд мөн онцоллоо.
Мөн дээрх нийт төсөл арга хэмжээнээс 11 нь бүрэн биелж, 189 нь 80-99 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин 0-9 хувийн гүйцэтгэлтэй 115 ажил байгааг анхааралдаа авч, шахаж ажиллахыг төлөөлөгчид хэлэв.
Хэрэгжиж буй төсөл арга хэмжээг төрлөөр нь ангилбал:
Гэрэлтүүлэг камержуулалт 34
Тохижилт 178
Их засвар 125
Инженерийн шугам сүлжээ 107
Барилга байгууламж 123
Зам засвар 75
Сургууль, цэцэрлэгийн тоног, төхөөрөмж 15
Эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин 26 байгаа юм. Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төвийн 6 дүүрэгт ажилласан төлөөлөгчид гацсан, удааширсан томоохон ажлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж, хариулт авч байна. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна.