Нийслэлийн ИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг нийслэл Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн дэмжих зорилгоор “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрөхийг дэмжлээ.
Тэгэхдээ Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг холбогдох хуулийн дагуу НЗДТГ-ын нэр дээр шилжүүлэн авч, зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шуурхай зохион байгуулах юм. Тэгэхдээ бүх насны хүмүүст зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд багтаан дуусгахыг Нийслэлийн ИТХ-аас үүрэг болголоо. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Бид жил гаруй хугацаанд Ажлын хэсэг байгуулж, өнөөдөр шийдвэр гаргаж байна. Одоо хүүхдийн паркийн 6.3 га газар дээр байгуулж байгаа болон, хоёр дахь шатны төслийн ажлын хүрээнд ямар бүтээн байгуулалт хийж, иргэдийн хүсэн хүлээсэн чөлөөт талбайг олон нийтэд зориулан яаж тохижуулах талаарх мэдээллийг өгөх хэрэгтэй. Энэ бол Нийслэлийн ИТХ, ЗДТГ, иргэд, хувийн хэвшлийн хамтын шийдвэр. Хамгийн гол нь иргэдэд мэдээллийг нээлттэй өгөх ёстой юм” гэлээ.