Ц.Жамбалдорж: Цар тахлаас хойших БНХАУ-ын талаас Монгол Улсад хийж буй дээд хэмжээний анхны айлчлал маргааш эхэлнэ

УИХ-ын даргын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга манай улсад айлчлах гэж байгаа билээ.

Айлчлалын талаар Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдоржоос тодрууллаа.


Энэ удаагийн айлчлалын онцлог юу вэ?

-Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд хэмжээнд тогтмол харилцан айлчилж ирсэн. Харин 1962-1980 онууд болон цар тахал эхэлснээс хойших сүүлийн хоёр жил хагасын хугацаанд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд түр тасраад байв. Гэхдээ цар тахлын хугацаанд цахим уулзалт, яриа хэлцлүүд тасралтгүй үргэлжилж, манай хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа хэвийн түвшинд хадгалагдаж ирсэн. Өнөөдөр цар тахлын аюул бүрэн арилаагүй байгаа ч улс орнууд гадаад харилцаагаа идэвхжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг харилцан зөвшилцөж, хамтын хүчээр даван туулах бодлого хэрэгжиж байна. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны даргын айлчлал нь манай улсад хийж буй тус улсын анхны дээд түвшний айлчлал юм.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга өмнө нь хэзээ Монгол Улсад айлчилсан бэ?

-Энэхүү айлчлал нь БХАТИХ-ын Байнгын хорооны даргын есөн жилийн дараах Монгол Улсад хийж буй айлчлал учраас хоёр талаас өндөр ач холбогдол өгч байна. Харин БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн хувьд манай улсад өмнө нь ирж байсан юм билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Ли Жаньшу албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монгол Улсад ирж байжээ. Мөн 2021 оны 3 дугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшутай цахим уулзалт хийж, цар тахлын үед БНХАУ-аас Монгол Улсад үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэн тохирч байв.

-Айлчлалын үеэр ямар асуудлууд яригдах бол?

-Өндөр дээд хэмжээний төрийн айлчлалын гол ач холбогдол нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болдог. Мөн хоёр улсын харилцан итгэлцлэлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааг урагшлуулан хөгжүүлэх болон парламент хоорондын тогтсон харилцааг улам бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй. Айлчлалын үеэр яригдах тодорхой асуудлууд, яриа хэлэлцээний хувьд хоёр талын холбогдох байгууллагууд идэвх чармайлт гарган зав зайгүй ажиллаж, айлчлалын бэлтгэлийг бүрэн хангаад байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхана.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшуд бараалхана.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …