Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цөөн тооны цэргийн алба хаагч намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тэдний нэг байлдагч А.Цогбадрахтай уулзаж ярилцлаа.
Байлдагч А.Цогбадрах “Би Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй Б.Үүрцайх захиралтай “Хатан Сэлэнгэ, Орхон” компани, Н.Алтаншагай захиралтай “Төхөм талын ургац” бүлгийн төмс, хүнсний ногоог хураан авах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.
Би 2018-2021 онд Барилга, технологийн коллежид гагнуурчин мэргэжлээр суралцаж төгссөн.
Тус ангид алба хааж буй хугацаандаа цэргийн эрдэмд шамдан суралцсаны зэрэгцээ тэсвэр тэвчээртэй болж, сэтгэл зүй, бие бялдрын хувьд хатуужин төлөвшлөө.
Нөгөө талаар би аливаа ажлыг хийх дөртэй болсны хамт нэг ажлыг эхлүүлбэл дуусгасны дараа санаа амардаг хэвшлийг олж авсандаа баяртай байна.
Миний хувьд ургац хураалтын ажилд анх удаа оролцож байгаа. Энэ ажлыг өмнө нь их амархан ажил гэж боддог байлаа. Байдал өөр бөгөөд маш чимхлүүр ажил юм билээ.
Өнгөрсөн хугацаанд төмс, манжин, лууван, сонгиныг хураах арга барилыг сайн эзэмшсэнээрээ бахархаж байна. Бид өглөөний 08.00-18.00 цагийн хооронд өдрийн төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ хугацаанд өдрийн хоолоо идсэний дараа тогтмол нэг цагийн хугацаанд амардаг юм.
Миний хувьд 7 хоногт 3-4 удаа өдрийн төлөвлөгөөт ажлаа давуулан гүйцэтгээд мөнгөн урамшуулал авдаг. Цөөн тохиолдолд эрт бууж амардаг бөгөөд зарим үед бусдадаа тусалдаг. Ийнхүү бид бүхэн төмс, хүнсний ногоог хураах ажилд оролцож, иргэдийнхээ хүнсний хангамжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
Бид бүхэн эрүүл агаарт, эко орчинд ажиллахын зэрэгцээ тариалангийн талбайгаас өөрсдөө хураасан шинэ ургацын ногооны дээж бүхий амт чанартай хоолоор дайлуулж байгаадаа талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.