М.Батбаяр:“Чингис хаан” музейн барилгыг манай улсын мэргэжилтнүүд, уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан

Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм.


Түүнээс хойш хоёр жилийн дотор музейн барилгын ажил, үзүүллэг дэглэлтийг дуусгаж, музейг энэ сарын 11-ний өдөр албан ёсоор нээх талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун нар мэдээлэл хийлээ.

Соёлын дэд сайд М.Батбаяр:Музей бол аливаа улс үндэстнүүдийн, ард түмний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, судлан сурталчлах зориулалтай учраас олон улс орон музейг барьж байгуулдаг.
Түүн дотроо сан хөмрөгийн бүрдүүлэлтийн бодлого, хадгалалт хамгаалалтын олон улсын стандарт, үйл ажиллагааны чиглэл нь төрийн онцгой анхаарал дор бий болж, бүрэлдэн тогтдог. Музей хүний хөгжлийн цогц орон зайг бүрдүүлдэг гэдгийг хэлмээр байна.
“Чингис хаан” хаад язгууртны музейг барьж байгуулах шийдвэр гурван жилийн өмнө гарч, цар тахлын амаргүй нөхцөл байдалд 1.6 жилийн дотор музейн барилгыг барьж, 2021 оны 9-р сарын 20-ны өдөр барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Түүнээс хойш үзүүллэг дэглэлтийн ажил өрнөсөөр үүд хаалга нээхэд бэлэн болсон байна.

Барилгын тухайд улсын төв цэгт байрладаг, 20500 м.кв талбайтай, 9 давхар музейн зориулалттай барилга. Барилгын нийт талбайн 40 хувийг үзүүллэгийн талбай эзэлж байгаа. 3-9 давхар хүртэл үзүүллэг болон сан хөмрөгийн талбайтай. Сан хөмрөг гэдэг нэн чухал учраас гал унтраах систем нь агаарыг вакамжуулах зэргээр үзмэр, эд өлгийн зүйлд ямар нэг гэмтэл учруулахгүй орчин үеийн системээр тоноглогдсон зэрэг олон давуу талтай барилга болсон. Энэ барилгыг манай улсын мэргэжилтнүүд, Монголын уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан. Тухайлбал, нэрт архитектор Д.Балдан барилгын зураг төсөл дээр ажилласан.

Барилга угсралтыг ч дотоодын мэргэжилтнүүд гүйцэтгэсэн. Барилгын дээд давхарт Их эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхим бий. Тэр танхимд 7 метр өндөр Чингис хааны алтадмал баримал бий болох юм. 28 метрийн диаметртэй, дундаа баганагүй том орон зайг бий болгож байгаа нь Монгол Улсад барилгын шинэ технологи нэвтэрсэн.

Музейн барилгыг урлагийн бүтээлээр чимэглэсэн байгаа. 1950-иад оноос хойш Сүхбаатарын талбай тойрсон барилгуудыг аль болох үндэсний хээ хуараар чимэглэх ажил хийгдэж байсан бол сүүлийн 30-н жил уран бүтээлчдийг уран барилгын чиглэлийн ажилд оролцуулж байгаа. Үүний нэг жишээ нь “Чингис хаан” хаад язгууртны музей болох юм.

200 гаруй уран бүтээлч 5 багц ажлыг хийсэн. Жишээ нь, музейн хаалга дангаараа цогц урлагийн бүтээл болж байгаа. Эртний хаад язгууртнуудын түүхийг илэрхийлсэн дүрслэх урлагийн бүтээл, уран дарханы хийцийн бүтээлүүд шигтгэсэн. Монгол угсаатны овог, аймгуудын 748 тамгыг барилгын 2 талд байрлуулсан. Энэ барилга бол Монголын уран барилгын түүхэнд, үндэстнүүдийн хамтаараа бий болгосон том хэмжээний бүтээн байгуулалт болсон.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …