Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Энэ үеэр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд “22.654 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2868 бүртгэгдсэн. Хүний амь хохирсон таван гэмт хэрэг гарсан. Эдгээр нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн” гэв.
Хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Нийслэлийн гудамж, талбайд 172 цэгт 484 алба хаагч ажиллаж байна. Хяналт шалгалтаар 36.758, камерын хяналтаар 30.006 зөрчил илрүүлсэн.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1777 зөрчлийг таслан зогсоолоо. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан 23 жолооч байна. 14 хоногийн хугацаанд 4435 дуудлага, мэдээлэл хүлээж авсан.
80 хүн гэмтсэнээс 66 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн. Ослын улмаас хоёр хүн нас барсан” хэмээв.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 59, аврах ажиллагааны гурав, нийт 62 дуудлагад үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс таван иргэнийг гаргаж, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан гэдгийг танилцуулав.
Мөн аюулт осол, үзэгдлээс зургаан иргэнийг аварсан байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1451, ой, хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 168, нийт 1625 удаагийн дуудлагад ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өссөн үзүүлэлт юм.