Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Зангиагүй уулзалт”-д Шадар сайд С.Амарсайхан оролцлоо.
Энэ үеэр стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээллээ.
Тэрбээр “Стандарт бол улс орны хөгжлийн үндэс. Хүний хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг хангах гол хүчин зүйл. Стандартыг хэрхэн мөрдүүлж, хэрэгжүүлж байгаагаас улс орны хөгжил хамаардаг. Монгол 6525, Австрали 6000, Канад 160.462 стандарттай байдаг бол хүний хөгжлийн индексээрээ 189 орноос Монгол Улс 96, Австрали 5, Канад 15-д орж байгаа нь стандартын тооноос хамаарч улсын хөгжил яригддаггүй гэдгийг харж болно.
Ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь стандартыг мэддэг, мөрддөг, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл нь стандартыг шаарддаг, мөрдүүлдэг, төр засаг, холбогдох байгууллагууд нь стандартаа ягштал хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг Норвеги, Швейцарь, Австрали зэрэг улс орнууд л Хүний хөгжлийн индексээр тэргүүлж байна.
Стандарт хэмжилзүйн газар бол 99 жилийн түүхтэй байгууллага. Гэтэл сүүлийн 30-аад жил энэ салбарт бодлогын маш том алдаа гарч, хяналтын чиг үүргүүдээ хэрэгжүүлэх чадамжгүй, хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Иймд Засгийн газраас стандарт хэмжил зүйн салбарт онцгой анхаарч, өөрчлөлт шинэчлэл хийхээр зорьж байна.
Монголд стандарт хангалттай байна. Хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь стандартыг иргэд олон нийтэд таниулан сурталчилж мэдээлэл хүргэдэггүй, хэрэгжиж буй эсэхэд нь хяналт тавьдаггүй” гэсэн юм.